МАХН-ын Их чуулганаас МАН-тай нэгдэхийг дэмжсэн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл МАХН Улсын Дээд шүүхэд татан буугдах материалаа хүлээлгэн өглөө.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: "МАХН, МАН-ын дунд маргаан дэгдээж байсан асуудал бол МАНАН үзэгдэл. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн хор уршгийг МАН-ын удирдлагууд мэдэрч эхэлсэн. Ингээд МАНАН үзэгдэлтэй тэмцэж, ухамсартай алхам хийж, бидний зөв байсан гэдгийг нотолсон.
Нэг хоёр хүнийг муулаад энэ Монгол Улсыг засах, сайхан болгох ажлыг хийхгүй. С.Ганбаатар минь. Хүн муулалгүй, тогтолцоог засаж ажиллая. Оюутолгой том орд нь үнэн. Гэхдээ нэг том ордыг биш нийт байгалийн баялгийн тухай ярья гэсэн санал тавьсан. С.Ганбаатар өөрөө энэ асуудлыг ойлгож байгаа юм шиг л байсан. Харамсалтай нь С.Ганбаатар маань бидний үгийг сонсохоос гадна Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг илүү сонсдог гэдгийг нь мэдсэн. Би тэрийг мэддэггүй байсан. Журмын нөхөр учраас бид ний нуугүй л ярилцдаг байсан. Гэхдээ цаана нь Х.Баттулга Ерөнхийлөгч манай С.Ганбаатарт биднээс илүү нөлөөтэй юм байна гэдэг нь сая мэдэгдлээ, түүний АН-д элссэн үйлдлээс харахад.
АН-д орох орохдоо Х.Баттулгын АН-д ороод Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн байдлаар тэр намынхаа дүрмийг зөрчиж алдаа гаргаж байна лээ. АН-ын дүрэмд намын гишүүнээр ЗУРГААН сараас доошгүй хугацаанд байсан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн дүрэмтэй юм байна лээ. Тэр дүрэм нь байсаар байтал АН-д элсээд, элсэхдээ Х.Баттулгын АН-д элсэж алдаа гаргаж байгаад нь харамссан. Гэхдээ хувь хүний тухай ярих сонирхолгүй байдаг учраас бид араас нь янз бүрийн юм яриагүй. Болсон явдал ерөөсөө ийм.
Төр засгийн асуудлын хувьд орон сууцны төсөл, өргүй Монгол, бага хүүтэй зээл олгох зэрэг ажилд МАХН-ын хүмүүс мэдээж хэрэг дайчлагдана. Тухайн асуудлыг шийдэхэд ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг хоёр талын ажлын хэсэг гарч шийднэ. МАХН, МАН-аас тус тус 5 хүнтэй ажлын хэсэг бий. Манай намаас би даргална. МАН-аас мөн намын дарга нь даргална. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараагийн дарга нь ажлын хэсэгт орно.
Бидний энэ хамтыг ажиллагааг 2024 он гэж төсөөлж байна. Үүний дараа энэ үйл ажиллагаа дуусаад цаашид нэг нам болсон болохоор ажлын хэсэг байх шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Бага хурал, Удирдах зөвлөлд ажиллахгүй. Өөрийн нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх ажилд санаа бодлоо хуваалцана.
Намын нэрийн хувьд МАН, МАХН гэсэн нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ гэж тохирсон. Монголд МАН, МАХН, АН гэсэн гурван нам бий. Гишүүдийнх нь тоогоор албан ёсоор нам гэж үзнэ.
Гэхдээ бид биеэ тоодоггүй. Биеэ татаж, эх оронч, эв нэгдлийг илэрхийлж байгаа улс төрийн хүчин" гэв.