Өвлийн хүйтэн, зуны халууныг эс тоож гудамж талбайд тушаалаар тоглодог Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг 2018 оны сүүлчээр шинэчлэхээр болжээ. Ингээд 2019 оны нийслэлийн төсөвт 1.3 тэрбум төгрөг тусгасан юм байна. Гэвч төсөв нь батлагдсан энэхүү ажил гацаж, Авлигатай тэмцэх газрын “үүд” сахиж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн 10 дугаар сарын дундуур гарсан. 1.3 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Хуулиараа нээлттэй тендер зарлаж байж худалдан авалт нь явах ёстой. Гэтэл дунд шатны дарга нарын хутгасан будлианаар тендергүйгээр нийлүүлэгч компани нь тодорсон гэсэн гомдол АТГ-т иржээ. Бараа нийлүүлэх жагсаалт гаргах, төсөв гаргахдаа одоо энэхүү барааг нийлүүлж буй “Профешнл-Арт” ХХК-тай хамтран зохиож гаргасан байна. Өөрөөр хэлбэл, ийм ийм хөгжмийн зэмсэг авна гэсэн жагсаалтаа захиалагч тал нь бараа нийлүүлэгчээр тодорсон “Профешнл-Арт” ХХК-тай хамт суугаад гаргасан бололтой. Ингээд зогсохгүй төсвийн хөрөнгөөр тендер зарлалгүй шууд худалдан авалт хийхдээ хөгжмийн зэмсгийг хүлээн аваагүй байж төсвийн урьдчилсан мөнгө олгосон байх магадлал өндөр байсан гэж яригдаж байлаа.
Харин хоёр гуравхан хоногийн өмнө асуудал дагуулсан хөгжмийн зэмсгүүд ирж, “Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон хөгжмийн зэмсгээ иж бүрэн шинэчилсэн амжилттайгаар "Цэргийн хөгжмийн 105 жилийн ой"-гоо угтаж байна” гэсэн сүржин мэдээлэл гарав. Харин хөгжмийн зэмсгүүдийг харсан хүмүүс энэ хэдэн хөгжмийн үнэ нийлээд 1,3 тэрбум төгрөг хүрэх үү гэж эргэлзэж байна.