Ардчилсан намаас /2020.05.20/ өдөр мэдээлэл хийх үеэр, санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэн н.Ган-Очир оролцож, мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр /2021.05.21/ мэдээлэл хийсэн.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар мэдэгдэл, шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа.Сонгууль болохын өмнөхөн санал тоолох төхөөрөмжтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн, мэдээллийг улс төрийн нам эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зүгээс цацдаг. Санал тоолох машиныг 2012 оноос хойш хэрэглэснээр саналыг нэг ширхэгээр зөрүүлсэн гэсэн баримт нэг ч гарч байгаагүй. Тодорхой мэдэгдэхгүй, хүнээр яриулдаг бичлэгийг гаргадаг. Үүнд одоо цэг тавих ёстой. Сонгууль хэвийн явуулах үйл ажиллагааг алдагдуулах сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдаж үйл ажиллагааг илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа. Тиймээс холбогдох байгууллагуудад нь СЕХ хандана.
Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан: "Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээллийг ялагдсан талаас гаргадаг. Үүнд маш их харамсаж байна. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүртээ лицензийн төлбөрийг төлдөг. Хугацаа нь дуусна гэсэн ойлголт огт байхгүй. Төлбөр төлсөн санхүүгийн баримтууд нь ч бий. Өнгөрөгч 2020 онд хоёр удаа лицензийн төлбөрөө төлсөн. Хэрэглэх бүртээ л лицензийн мөнгө төлдөг. Мөн саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараасан. Ингэх ямар ч боломж байхгүй. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуульд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог. Саналын хуудас архивт хадгалагдаж, мөн саналын хуудасны зургуудыг СD-д хуулж ажиглагч нарт өгдөг. Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй. Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно" гэлээ.