МАН-ын дарга У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Ингэснээр тэр албан ёсоор нэр дэвшигчээр зарлагдаж, өнөөдрөөс эхлэн мөрийн хөтөлбөрөө сурталчлах юм.
Тэрбээр энэ үеэр хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмний эв нэгдлийг эрхэмлэнэ, байгалийн баялгийг олон нийтийн мэдэлд байлгана, хүн биш хууль засагладаг шүүх тогтолцоог бий болгоно. Энэ сонгуулийг монголчууд төдийгүй дэлхий тэр чигтээ сонирхож, ажиглаж буй. УИХ-ын, орон нутгийн биш Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль. Иймд ил тод, шударга зохион байгуулах хэрэгтэй. Ингэж уриалахыг хүсэж байна гэсэн юм.
Үүнийхээ дараа гэр бүлийн хамт төв талбайд очин, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Тэндээсээ шууд сонгуулийн сурталчилгаагаа хийхээр Дорнод аймгийг зорьжээ.