alim.mn | 2024.12.22
Г.Занданшатар: Хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийнэ

"Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байх болно. Энэхүү зорилгын дагуу баталсан хууль бүхэн хүний эрхийг хангах, хамгаалах, тэгш, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэнэ" хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.25) Төрийн ордны Их танхимд болсон Хүний эрхийг хамгаалагчдын уулзалтад хэлсэн үгэндээ онцлов.

Монгол Улсад хүний эрх, тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа, анхаарах асуудал хаана, хэр хэмжээгээр хуримтлагдсан, хүний эрх зөрчигдөхөөс ангид байхын тулд юу хийвэл зохилтой талаар зохион байгуулагдсан уг уулзалтад хүний эрхийг хамгаалагчид, ХБНГУ, ИБУИНХУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын Суурин зохицуулагч, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Хууль тогтоох үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Ер нь бид хуулийн төсөл боловсруулж, батлахдаа байгууллагын эрхийг л хуульчилж байснаас хүний эрхийг хангах, түүнийг зөрчихөөс сэргийлэхэд төдийлэн анхаарал тавьж байсангүй.  

 

Улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдалд НҮБ болон олон улсын мэргэшсэн байгууллагуудаас үнэлэлт дүгнэлт өгдөг. “Дэлхийн шударга ёсны төсөл” олон улсын иргэний нийгмийн байгууллагаас эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индексээр Монгол Улс 2019 онд 0.55 оноо авч 126 орноос 53 дугаарт эрэмбэлэгджээ. Тэгвэл “Хил хязгааргүй сэтгүүлчид” төрийн бус байгууллагаас эрхлэн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индексээр 28.97 оноогоор 180 орноос 68 дугаар байрт орсон байна. Энэ мэтчлэн боловсролын салбар дахь тэгш бус байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хэр хангагдаж буйг олон улсын байгууллагуудын жагсаалтад 80-аас хойш байрт жагссан үзүүлэлтээс харж болох юм.

Тиймээс Улсын Их Хурал Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сард, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сард баталсан. Гэхдээ хууль батлах нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлэх нь илүү чухал юм. Хууль хэрэгжүүлэх хүрээнд үүрэг хүлээсэн төр, засгийн байгууллага, ажилтан, албан хаагчаас гадна бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүний эрх хамгаалагчдын идэвхтэй оролцоо нэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ