Монголчуудын хувьд энэ жил түүхэн ой тохиож буй. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн түүхт тохиох юм.
Тиймдээ ч Засгийн газраас Ковидгүй зуны төлөө гэсэн уриалга гаргаад байгаа. Харин энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх соёл, урлагийн нөр их ажлыг шинэ тутам байгуулсан Соёлын яам, тэр дундээ Ч.Номин сайд гардан зохион байгуулахаар болж, ойн хүрээнд 34 ажил, арга хэмжээг нийт 10 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөжээ.
Ч.Номин сайд ч баян айлын эрх охин аятай 10 тэрбум төгрөгийг гарын салаагаар урсгахаар шийджээ. Түүний хувьд угаасаа хөрөнгө мөнгө тэгтлээ сэтгэлийг нь чилээх асуудал биш.
Тэрбээр түүхт 100 жилийн ойд төсөвлөсөн 10 тэрбумаар юу хийхээр төлөвлөв. Жагсаалтаас харвал, хамгийн ихээр анхаарал татсан нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалж хийлгэхэд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Одон медальд угаасаа онцгой ач холбогдол өгдөг ард түмэн билээ.
Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулахад 500 сая, Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая, Утга зохиолын шилдэг бүтээл туурвихад 100 сая, Зуун жил-зуун бүтээн байгуулалт-ТВ контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая, улс орон даяар спортын нэгдсэн наадам, фестивал зохион байгуулахад 350 сая, Сонгодог урлаг “OPEN AIR” арга хэмжээ 150 сая, Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл туурвихад 270 сая, орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг орон даяар зохион байгуулахад 350 сая, хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг тус тус төсөвлөжээ.
Үүнээс харахад нэг тэрбумыг одон медальд зарцуулахаас гадна урлагийн наадам, контент бүтээх, дуу бүтээх, шилдэг бүтээл шалгаруулах, номын сан үүсэж хөгжсөний ойг тэмдэглэх, тайзны уран бүтээлд гэхчилэн тухайн үедээ л тэмдэглэж, баярлаад өнгөрөх арга хэмжээнд хөрөнгө, мөнгөний дийлэнхийг зарцуулах аж. Олзуурхууштай, нийслэлийн гандаж, гундсан хөшөө дурсгалууд өнгө орж, сэргэх нь.
Мөн номын сан үүсэж хөгжсөний ойгоор хүүхэд багачуудыг номд шимтүүлэх бага ч болов зүйлийг хийх биз ээ. Түүнээс өөрөөр улс эх орон, ирээдүй хойч үрсдээ бахархам ямар үйлийг хийж, үлдээх вэ гэдгийг жагсаалтаас хайгаад ч олсонгүй.
Мэдээж, баярлаж цэнгэлгүй яах вэ. Гэхдээ л Соёлын яам гэдэг утгаараа урлагийн наадам, цэнгүүнд л ихээхэн ач холбогдол өгчээ. Соёлын сайд Ч.Номингийн хувьд соёл, урлагийг хөгжиж цэнгэхээс өөрөөр төсөөлдөггүй бололтой. Сайдын маань цар хүрээ ийм юм хойно, яалтай билээ.
ЭХ СУРВАЛЖ: 24ЦАГ.МН