alim.mn | 2024.12.23
“Дорнын говь”-ийн нэр дээр мах экспортолсон “Улаанбаатар мах экспо” 337 саяын хахууль өгчээ

“Дорнын говь” нь УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг Б.Дэлгэрсайханы компани юм. Тус компани нь МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн 2016 оны А/168 дугаар тушаалаар “АА” зэрэглэл буюу импортлогч оронтой тохиролцсон нөхцөлийн дагуу махыг зөвхөн тухайн оронд экспортлох эрх авсан. Гэхдээ энэ эрх, квотоо бусад компаниудад “зардаг” бололтой. Энэ оны хамгийн дуулиант авилгал болох МХЕГ-ын хэлтсийн дарга асан ”оймс” Н.Баярсайханы хэрэгт “Улаанбаатар мах экспо” компаний ерөнхий менежер Дилав овгийн Д.Т холбогдсон. Тэрээр аргагүй байдалд орж “Дорнын говь”-ийн нэр дээр урагшаа мах гаргах зөвшөөрөл авахын тулд 337 сая төгрөгийн хахууль өгсөн нь хамгийн том хэмжээнд тооцогдсон. Өгсөн хахууль их байгаа нь “Дорнын говь”-иос махны их квот авсаны баталгаа гэхэд болно. Ерөнхий менежер нь 2017 оны 7-12-р сарын хооронд 64 удаагийн үйлдлээр хахууль өгчээ.  “Улаанбаатар мах экспо” нь адууны махыг машинаар гаргасан байна. Нэг машинд 25 тонн мах ачдаг. Хэлтсийн дарга ерөнхий менежер хоёр “Ка” бааранд уулзаж нэг машиныг 750,000 төгрөгөөр “тохирчээ”. Эхлээд мөнгөө төгрөгөөр өгсөн бол сүүлдээ машины тоо нэмэгдсэн тул доллароор өгчээ. Хахуулийн мөнгийг албан өрөөнд, зоогийн газарт, бүр 00-ын өрөөнд өгч байжээ. Ерөнхий менежер нь 2017 оны 12 сарын 5-нд 12 машины 9 сая төгрөг буюу 3680 долларыг өгөхөөр Н.Баярсайханы өрөөнд орохдоо утсаа видео дээр нь тавиад  “чи ханаж цадахгүй байна уу. чамаас өөр хүн байсан бол ухамсраараа болино” гээд бичлэг хийжээ. Ерөнхий менежерийн “Самсунг 7” маркийн гар утсанд үзлэг хийхэд “...Би өнөөдрийг хүртэл 450 машин гаргасан. 337.5 сая төгрөг өгөө биздээ. Энэндээ бичиг хийгээд өгчих. Чи хэнд хэдэн төгрөг өгдөг нь надад хамаагүй. Миний ажил саадгүй явах хэрэгтэй байна. Гэхдээ би одоо чамд үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй...” гэх яриатай бичлэг гарч иржээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ