alim.mn | 2024.12.23
“Ноён Ширхэнцэг” компаний дэрэвгэр жиргэрүүг хятадуудад 212 сая төгрөгөөр зарсан “сайн эр” хэн бэ ...

Хоёр жилийн өмнөөс “Бурхантын жинчид” нарын 14 компани дэрэвгэр жиргэрүү ургамалыг хилээр гаргах зөвшөөрөл өгөхгүй байгаа ГЕГ-тай заргалдаж эхэлсэн. Энэ зарга явсаар өнгөрсөн хавар ялалтанд хүрч ховор ургамлыг экспортлох эрхээ авчээ. Гэтэл урагшаа гаргахаар бэлдэж нөөцөлсөн их хэмжээний дэрэвгэр жиргэрүүгээ хулгайд алдсан хэрэг гарсан байна. Иргэн У.Б нь 2017 онд өөрийн компаний нэр дээр нэг тонн дэрэвгэр жиргэрүү түүх зөвшөөрлийг БОАЖЯ-наас авчээ.  Энэ хэмжээ нь чамлалттай тул найман тоннын зөвшөөрөлтэй “Ноён ширхэнцэг” компанитай гэрээ байгуулан хамтран түүжээ. Тухайн үед ГЕГ хилээр гаргах зөвшөөрөл өгөхгүй байсан тул ургамлаа 10-р хороололд байрлах гараашинд хадгалж байжээ. Нийтдээ 212 сая төгрөгт хүрэх 4 тонн үнэт бараа тул У.Б өнжөөд л гараашдаа очиж байгаа эсэхийг шалгаж ихэд сонор сэрэмжтэй байжээ. Гэтэл 2018 оны наадмын өдрүүдэд гурав хоногийн дараа шалгахад хулгайлагдсан байв. Ургамлыг “Ноён ширхэнцэг” компаний захирал Б.З-гийн танил Д.Л хулгайлжээ. Тэрээр бага оврын ачааны машин хөлслөн авч гараашийн хаалгын цоожийг эвдээд ховор ургамлыг тээвэрлэн авч оджээ. Улмаар 3,5 тонныг нь “Эм Ди глобал трейдинг” ХХК болон хятад иргэн Ван Яамингд 212 сая төгрөгөөр заржээ. Үүнээс 40 саяыг нь “Ноён Ширхэнцэг” компаний захиралд “хувь” хэмээн өгсөн ч аваагүй гэнэ. Мөнгөтэй болсон Д.Л шоудаж яваад “Миссон” бааранд хүн хутгалж гэмтээжээ. Цагдаа энэ хэргийг мөрдөн шалгаж илрүүлж 3,5 тонн дэрэвгэр жиргэрүүг хураан авч БОАЖЯ-ны дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Ховор ургамлыг хилээр гаргах зөвшөөрөл олгогдсон тул “Ноён Ширхэнцэг” компани хураагдсан бараагаа буцаан авахаар болжээ. Хулгайн ургамал худалдаж авсан хятад иргэд хохироод үлдсэн байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ