alim.mn | 2024.12.22
Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой дараах зургаан асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

  1. Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Хүүхдийн паркийн хашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Цаашид хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглолоо. 
  2. Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн. 
  3. Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг, Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа
  4. Улаанбаатар дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн засвар хийхээр боллоо.
  5. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ.
  6. Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ