
2020 онд Баянзүрх дүүргээс зохион байгуулсан “Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин худалдан авах” зэрэг хэд хэдэн тендер маш сэжигтэй байдалтай болж өнгөрчээ. 59,8 сая төгрөгний өртөгтэй “Суудлын авто машин худалдан авах” тендер нь үүний нэг жишээ юм. Энэ тендерийн ялагчаар “Дата хаус центр” компаний шалгарч гүйцэтгэгч болсон. Нийлүүлэх тээврийн хэрэгсэл нь тендерийн бичиг баримтанд дурдагдсанаар 2010 онд үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг Prius-30 маркийн суудлын автомашин байсан. Гэтэл нийлүүлэгдсэн машин нь гаалийн бүрдүүлбэрийн баримт бичигт “Эвдрэлтэй автомашин” гэсэн ангилалд тусгагдсан байжээ. Гаалийн баримтанд дурдагдсанаар урд гупер, копуд, крылоны гэмтэлтэй байхад Үнэлгээний хороо энэхүү ноцтой баримтын хажуугаар “нүдэн балай чихэн дүлий” өнгөрсөн нь шууд хардлага дагуулж байна. Үүнээс ч дутахгүй сэжигтэй зүйл нь ижил төрлийн авто машинтай харьцуулахад 7.5 сая төгрөгийн илүү үнээр нийлүүлэгдсэн байсан гэнэ. Бас нэгэн тендер дээрхийн адилаар “нохойн зам”-аар орсон нь “Өөрөө буулгагч ачааны машин” худалдан авах 194.2 сая төгрөгийн өртөгтэй тендер юм. Гүйцэтгэгч нь “Энх Энгүүн зам” компани агаад 2020 оны 9-р сард хоёр ширхэг “Howo” маркийн ачааны автомашин хүлээлгэн өгчээ. Хүлээж авсанаас хойш хөл хорио тогтсон гэх шалтгаанаар ашиглаагүй атал явах эд анги нь “өөрөө” эвдэрсэн гэнэ. Өдгөө засварт байгаа, ашиглалтын шаардлага хангахгүй гэж тогтоогдсон. Хамгийн гайхалтай нь дээрхи хоёр тендерт тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс хяналт тавьжээ. Гэтэл хяналт хэрэгжүүлсэн ажилтнууд нь техникийн бус харин эдийн засаг, эрхзүй, экологийн мэргэжилтэй, төрийн албанд 1-4-хөн жил ажилласан байжээ. Зориуд ийм хүмүүсээр хяналт тавиулахаар зохион байгуулсан байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Дээрхи хоёр тендерийг хуулийн байгууллагууд шалгах нь зүйтэй.