alim.mn | 2024.12.23
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн нэг сая төгрөгийн хахуулийн хэрэг ...

П.Гнь Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 112-р тушаалаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.  “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь СЯ-нд харьяалагддаг 100 хувь төрийн өмчит компани юм. 2018 оны 11 сарын ТУЗ-ийн хурлаар баталсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу офис хэрэглэглээний 13 ширхэг компьютерийг 26 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ. Хуулийн дагуу тендер зарлахад “Саммит”, “АйТиЗон” зэрэг компаниас санал иржээ. “Титан Софтвейр” компаний санал нэг цагаар хоцорч ирсэн ч хасалгүй оруулжээ. “Титан Софтвейр” нь хугацаа хожимдуулснаас гадна санхүүгийн тайлан, ажлын туршлагын мэдээллээ ирүүлээгүй байжээ. Гэхдээ хамгийн бага үнийн саналтай байжээ. Ингээд шалгаруулалт явуулахад компьютерийг “Саммит”, серверийг “АйТиЗон” ХХК нийлүүлэхээр шалгарсан ч дээрээс “Титан Софтвейр”-ийг сонго гэсэн “чиглэл” иржээ. Тус компани нь ТУЗ-ийн гишүүн П.Г-ийх болох нь мэдэгдсэн. Ашиг сонирхлын илт зөрчилтэй энэ явдлыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн удирдлага мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй байна. Гүйцэтгэх захирал Ж.Байгальмаа 2018 оны 12-р сарын 26-нд 1-р гарын үсэг зурж 26 орчим сая төгрөгийг хууль бусаар шалгарсан “Титан Софвейр”компани луу шилжүүлжээ. 2019 оны 1-р сарын эхээр компаниас 13 ширхэг компьютер иржээ. Гэтэл i7 бус  i5-р үеийн мөн дэлгэцийн хэмжээ нь 23 бус 22 инч гээд олон зөрчил илэрчээ. Ингээд компьютерийг хүлээж авахгүй гэсэн асуудал үүсжээ. ТУЗ-ийн гишүүн П.Г хариуцсан ажилтнуудыг “Ка” бааранд дуудаж компьютерүүдийг хүлээж авахыг ятгажээ. Энэ үеэр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн хуулийн зөвлөхөд нэг сая төгрөгийн хахууль өгөхийг завджээ. Боодол мөнгийг гарт нь атгуулсан байна. Гэсэн ч уг хэрэг АТГ-д хүрчээ. ТУЗ-ийн гишүүн П.Г нь “Компьютерийг би нийлүүлж болох эсэх талаар хуучин захирал Лхагваатай ярихад материалаа өгчих гэсэн. Захирал нь солигдож Байгалмаа томилогдсон. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлаагүй байхад Туул ресторанд хамт хоол идэж байхдаа компьютеруудыг би нийлүүлэх боломж байна уу. Би чиний амьдралыг мэдэж байгаа, чамд туслана материалаа өгчих гэсэн” хэмээн мэдүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ