Ердөө хоёрхон сарын Засгийн газрын хуралдаанаар цар тахлын эдийн засгийн хямралын үед төрийн байгууллага болон төрийн өмчит, оролцоот аж ахуйн нэгжүүдийг тавилга, машин худалдан авах, урлаг соёлын арга хэмжээ ивээн тэтгэхийг хориглосон. Гэсэн ч өндөр үнэтэй машин, тавилга худалдан авсаар байгаа бөгөөд одоо бүр олон давхар барилга барих дээрээ тулжээ. Р.Буд даргатай Зам тээврийн хөгжлийн төв “конторын барилга” гэх хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ. Хөрөнгийг өөрөөсөө гаргах гэнэ. Тендерийн бичиг баримтанд давхарын тоог дөрөв гэж оруулжээ. Гэтэл зураг төсөв боловсруулах байгууллагад “1-10 давхар хүртэл барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт ... “ гэх мэтийн зураг төслийг боловсруулах үүрэг өгсөн байна. Р.Буд нь дөрвөн давхрыг дөчин давхар ч болгож чадах “зайтай эр” гэдэг. Ийнхүү ЗТХТ-ийн шил толь болон гялалзсан шинэхэн ордонд “конторлох” нь. Гэтэл зам улам муудаад байдаг. Хамгийн сүүлд гэхэд л Хөшигтийн хөндий рүү тавьсан хурдны зам нь дундуураа хагарчээ. Замын чанар муудахад эсрэгээрээ “Авто зам, тээврийн талаар гарсан хууль тогтоомж, зам тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны чиглэлээр дэмжлэг үзүүлэх стратегийн үндсэн зорилготой” гэх ЗТХТ зэрэг байгууллагуудын контор улам сайжраад байдаг урвуу тогтолцоог яах билээ ...