alim.mn | 2024.12.29
Унгарт ажилладаг “захиалагч”-аас 150 мянган төгрөгний хөлс авч экс эхнэрийг нь мөрдөж, зураг аваад баригджээ

Сайн дурын “хувийн мөрдөгч” болж мөнгө хийх гэсэн бүтэлгүйхэн хэрэг гарчээ.  Өнгөрсөн оны 2-р сарын эхээр Боржигон овгийн 24 настай А.Т гэдэг залуу  Унгарт ажилладаг Б гэдэг залуутай цахимаар холбогдож “ажлын санал” хүлээн авсан байна. Гадаадад ажилладаг залуу 150 мянган төгрөгний хөлсөөр салсан эхнэрээ тагнуулж мөрдүүлэх гэсэнд А.Т зөвшөөрч ийнхүү “хувийн мөрдөгч” болжээ. Унгарт ажилладаг залуу салсан эхнэрийнхээ гэрийн хаяг, машины дугаар, явдаг фитнесс гээд бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ. Шаардлагатай мэдээллийг авсан “хувийн мөрдөгч” эхний өдөр экс эхнэрийг нь Сонгинохайрхан дүүрэгт орших “Могул” фитнес, Толгойтын Их Нарангийн гэр хороолол, автобусны буудал зэрэг газруудаар дагажээ. Маргааш нь Содон хороололын “Brown house” нэртэй үйлчилгээний газруудаар дагаж нэгэн эрэгтэйтэй хоол идэж байхад гар утсаараа зургийг нь авч байгаад сэжиг авахуулжээ. “Хувийн мөрдөгч” мэргэжлийн бус тул болхи ажиллаж алдаа гаргасан.  Гэсэн ч авсан зургуудаа Унгарт байгаа “захиалагч” руугаа явуулжээ.  “Захиалагч”  зургийг хараад экстэй нь  хоол идсэн залуугийн эхнэр лүү “танай нөхөр манай эхнэртэй явалдаж байна” гэсэн чат бичиж бөөн хэрэг дэгдээжээ. Унгарт байгаа залуу, Монголд байгаа эмэгтэй хоёр хэдийгээр салсан ч бие биенийхээ цахим хаягны нууц үгийг мэддэг хэвээрээ байсан гэнэ. Мөрдүүлсэн бүсгүй ч экс нөхрийнхөө цахим хаягаар фэйсбүүкт нь ороод А.Т-д өөрийг нь мөрдүүлэх үүрэг өгч, хөлс мөнгө төлсөнийг мэдсэн байна. Ингээд “хувийн мөрдөгч”-ийг ядах юмгүй олж холбоо барихад  харин ч урдаас нь 100 мянган төгрөг өгвөл Унгарт байгаа экс нөхөрт нь  худал мэдээлэл дамжуулж байх “ажил хэрэгч” санал тавьжээ. Тэрээр хоёр талд ажиллаж  сул аргаар “мөнгө хийх” санаа гаргасан нь тэр гэнэ. Гэсэн ч бүсгүй саналыг хүлээж аваагүйн дээр тэд маргалдаж муудалцан улмаар хохирогч цагдаад хандсанаар “хувийн мөрдөгч”-ийн хэрэг илэрчээ. Шүүх түүнийг хувь хүний халдашгүй байх эрх чөлөөнд халдсан, мөрдөн тагнах эрхгүй этгээд бусдыг мөрдсөн хэмээн буруутгаж нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ