
Энэ бол өнгөрсөн онд буюу УИХ-ын сонгуулийн жилд болсон ажил. Тухайн үед Баянгол дүүрэгт АН засаглаж С.Одонтуяа Засаг даргаар ажиллаж байсан. Сонгуулийн жилд их мөнгөн тоотой тендер, төсөл арга хэмжээ маш сэжигтэй зохион байгуулагддаг “жамыг” энэ дүүргийнхэн ч тойрч гарсангүй. Тэд зураггүйгээр дүүргийн архивын барилгын инженерийн шугам сүлжээний маш нарийн хийх ёстой ажлыг явуулжээ. Төсөвт өртөг нь 400 сая төгрөг. Хар үгээр хэлэхэд харанхуй шахам хийсэн байна. Үүнээс гадна дүүрэгт хэрэгжих тохижилт бүтээн байгуулалтын зурагт төслийн ажил гэдэг заавал зурагтай байх ёстой ажлыг мөн л зураг, төсөвгүй баталсан байна. Энэ ажлын өртөг 220 сая төгрөг болжээ. С.Одонтуяа нь “тоон доторхи үсэг” гэмээр МАН-ын олон дүүргийн дарга нарын дундах АН-ын ганцхан төлөөлөл байсан. Олон нийт түүнийг өөрөөр ажиллана хэмээн харж хүлээж байсан ч ийнхүү “улаарсан”. Түүнээс гадна бүх шатны дарга нарын гараас юм гардаггүйн нэг шалтгаан нь анхнаасаа зураггүй ажил хийдэгт байдаг. Тэдний “бүтээн байгуулалтын” ажлуудын гүйцэтгэл болон ашиглалтын явцад эвдрэл гэмтэл, саатал, зөрүү байнга гардаг. Анхнаасаа зураггүй хийсэн ажлын “үр дүн” ийм байх нь ойлгомжтой юм.
