Концессийг асуудлыг 2010 оноос ТӨХ, ЭЗХЯ, СЯ, Хөрөнгө оруулалтын газар эрхэлж ирсэн. 2016 оны 8-р сараас Үндэсний хөгжлийн газрын Концесс, Төр хувийн хэвшлийн түншлэлийн алба хариуцах болсон. Концессийг хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий байгууллага, түүний хариуцсан нэгж газар тогтворгүй ажиллаж ирсэн нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчингүй болгож улмаар концессийн мэдээлэл үнэн зөв гарахгүй явсаар иржээ. ҮХГ-ыг Б.Баярсайхан удирдсанаас хойш энэ байдал засраагүй байна. ҮХГ нь концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг үнэн зөв тогтоож чадахгүй байгаагаас Засгийн газрын өр бодитой илэрхийлэгдээгүй нь илэрчээ.
- Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл: ЗТХЯ-ны ТНбД-ын 2017 оны 6-р сарын 2-ны өдрийн 164-р тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уг авто замын ажлын тоо хэмжээг тодорхойлж, нийт гүйцэтгэсэн ажлын зардал нь 1,431.8 сая төгрөг гэж тогтоосноос хойш шүүхийн асуудлаас шалтгаалан тус авто замын ажил огт үргэлжлээгүй байхад ҮХГ-аас Сангийн яаманд 2017 оны жилийн эцэст ажлын явцыг 5 хувь гэж мэдээлсний улмаас Засгийн газрын дотоод өрд 9,340.0 сая төгрөгөөр буюу бодит гүйцэтгэлээс 7,908.2 сая төгрөгөөр илүү бүртгэгдсэн.
- Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл: концессын гэрээ хүчин төгөлдөр болоогүй, ажлын гүйцэтгэл гаргаж баталгаажуулаагүй байхад ҮХГ-аас ажлын гүйцэтгэлийг 2017 оны 2 болон 3 дугаар улиралд 15 хувьтай, 4 дүгээр улиралд 23 хувьтай гэж мэдээлсний улмаас 2017 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын дотоод өрд 37,908.4 сая төгрөгөөр илүү бүртгэгдсэн.
- Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих төсөл: Уг ажлын эхний ээлжийн 25 км авто замын барилгын ажлыг улсын комисс 2016 онд хүлээн авсан ба энэ нь нийт ажлын 26.3 хувь болж байхад тухайн оны эцэст 57,163.9 сая төгрөг буюу нийт ажлын 70.3 хувийн санхүүжилтийг олгож, холбогдох дүнгээр өрд бүртгэжээ. Харин жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар тус авто замын ажлын нийт гүйцэтгэл 70.5 хувьтай болсон байна. Өөрөөр хэлбэл, тус шалтгааны улмаас 2016 оны Засгийн газрын дотоод өрд 21,324.9 сая төгрөгөөр илүү бүртгэгджээ.
- Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл: ҮХГ-аас гэрээ хүчин төгөлдөр болоогүй, ажил эхлээгүй байхад ажлын гүйцэтгэлийг 2017 оны эхний хагас жил болон гуравдугаар улиралд 15 хувь гэж Сангийн яаманд тайлагнасан бөгөөд 2017 оны жилийн эцэст залруулга хийж 1 хувьтай гэж мэдээлснээр 871.9 сая төгрөгийг өрд бүртгэсэн.
Концессын талаар улсын хэмжээний мэдээллийн сан бүртгэл хөтлөөгүй, гүйцэтгэлийг зохистой хянадаггүйгээс ийнхүү ЗГ-ын дотоод өрд концессын тухай худал мэдээлэл орж байжээ.