
Энэ хэрэг өнгөрсөн оны зуны дундуур болжээ. Япон, Америкаас автомашин оруулж ирж зардаг нэгэн компанийн захирал “Лексус 570” машиндаа азын дугаар авахаар хайж байжээ. Гэтэл фейсбүүкийн “автомашины дугаар авна, зарна” гэдэг группэд “88-88”, “55-55” дугаар зарна гэсэн зар тавигджээ. Зуучлагчдаар дамжуулан “эзэнтэй” нь утсаар холбогдоход хоёр сая төгрөгөөр зарна гэсэн аж. Маргааш нь залгахад эмэгтэй хүн утсыг нь авчээ. Тэд ярилцаад 1,5 сая төгрөгт тохирч “Хөсөг трейд” компанийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн Баянгол салбарт уулзахаар тохирчээ. Захирал болзсон цагтаа очиход 35-40 насны махлагдуу эмэгтэй гарч иржээ. Тэрээр “88-88 гээд хүссэн дугаарыг нь авч өгнө” гээд мөнгөө бэлнээр өгөхийг шаардсан байна. Захирал ч найдвартай эсэхийг нь хэдэнтээ лавлаад хүссэн мөнгийг нь өгчээ. Дугаар тэр өдөртөө гарна гэсэн ч байдаггүй. Захирал өдөржин “Хөсөг трейд”-ийн гадаа хүлээж өнжжээ. Маргаашнаас нөгөө эмэгтэй “сери задраагүй байна, 88-88 дугаар миний дүүд байгаа” гэх мэтээр худлаа ярьж эхэлжээ. Захирал утасны дугаараар нь хайгаад мөнгө авсан эмэгтэйг хэн болох, хаана ажилладагийг нь тогтоожээ. Хажуугаар зуучлагч нарыг “ална шулна” гэж айлгажээ. Ингээд залилуулсанаа мэдээд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргатал “албан тушаалтанд холбогдох хэрэг тул АТГ-д ханд” гэснээр хэрэг илэрсэн. Шүүх саяхан азын дугаарын хахуулийн хэргийг хэлэлцээд Автотээврийн үндэсний төвийн экс ажилтан Т.Б-д нийтийн албан тушаалд томилогдох эрхийг дөрвөн жил, зорчих эрхийг 1,6 хязгаарлах ял ногдуулжээ. Харин компанийн захирал Б.Б-г өөртөө давуу байдал бий болгохоор хахууль өгсөн хэмээн 2,9 сая төгрөгөөр торгожээ.