alim.mn | 2024.12.23
Д.Сугар 2008 онд Японд 536 сая, 2011 онд Чежүд 600 саяар хаус худалдаж авсан ч “Стандарт” банкны өрийг улсаар төлүүлж уснаас хуурай гарлаа

“Стандарт банкинд илгээсэн захидалд би оролцоогүй, оролцсон бол 461 дүгээр ангид өөрөө гүйгээд очно” гэж мэдэгдэж байсан Д.Сугар юун өөрөө гүйж очих, харин ч “Эрдэнэт үйлдвэр”-т үйлдвэрт учруулсан хохирлоо улсаар төлүүлээд “амар сайхандаа жаргалаа”. “Стандарт” банкинд төлөх ёстой байсан өрийг төр бүрэн барагдуулсан. Үнийн дүн 40 сая доллар буюу ойролцоогоор 108 тэрбум төгрөг. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур Д.Сугар, Ч.Ганзориг, “Жастын” Батхүү хаана явна. Гурав дөрөвхөн том дарга нарын тавьсан өрийг улс төллөө. Харин тэтгэврийн хөгшдийн өрийг тэглэх буруу, зөв гэж фэйсбүүкээрээ хэрэлдсээр иргэд өдөр хоногийг өнгөрөөж байна.

Удаа дараа нэр холбогдсон их хэмжээний хөрөнгө, түүнээсээ уснаас хуурай гарч чаддаг болохоор “Суйлдаг Сугар, Сугардаггүй Сугар" хочтой болсон. Д.Сугарын урьд өмнө "сугарч" үлдсэн хэргээс танилцуулъя. Д.Сугар Японд 536 сая, Чежүд 600 саяар хаус худалдаж авснаа хүлээн зөвшөөрчээ. Өвөрхангайд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж, дараа нь Төрийн өмчийн хорооны даргын албанд тушаалд олон жил суусан Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн байв. Тэр үед түүнийг АТГ шалгаж, гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон ч ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй гацсан.

 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар БЗД-ийн 1З хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлогоо мэдүүлээгүй үлдээсэн гэнэ. Гэвч үүнийг Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр” хэмээн мэдүүлэг өгсөн аж. Д.Сугарынх БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ. Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Энэ их хэмжээний мөнгийг хаанаас олсон, бас зарсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа юм. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Японд үнэтэй тансаг байр худалдаж авч байсан Д.Сугар Солонгос улсад ч бас үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаараа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компаний ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон бөгөөд энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууцыг худалдаж авсан гэж мэдүүлсэн удаатай. Төрийн албанд ажилладаг хэрнээ тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, офшор данснаасаа дөрвөн зуун мянган долларын гүйлгээ хийдэг, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн энэ эрд хариуцлага тооцуулахаар АТГ-ынхан тухайн үедээ Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлээд ямар ч хариу авч чадаагүй. Эцэст нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн ч Д.Сугар Үндсэн хуулийн цэц хэмжээлшгүй баян энэ эрийн цалинг нь 3 сарын хугацаанд 30 хувиар бууруулах арга хэмжээ авсан түүхтэй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ