
Монгол улс нь засаг захиргааны хувьд нэгдсэл бүтэцтэй. Гэтэл манайд хот, аймаг нь холбооны улсын гэмээр ая зан гаргадаг. Хоёр аймаг байтугай хоёр сум хоорондоо гэрээ хэлцэл байгуулж сүржигнэнэ. Хэдхэн сарын өмнө Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Орхон аймагтай “харилцан үл довтлох” гэмээр гэрээ байгуулж, ёслолыг нь ГХЯ-ыхан ч атаархмаар өндөр хэмжээнд, сүртэй хийсэн. Төрийн өндөрлөгүүд болон сайд, УИХ-ын гишүүд аймагт очих нь хүндэт харуул, хөгжим, улаан хивс гээд гадаадын төрийн тэргүүн айлчилж байгаатай агаар нэг харагддаг. Энэ нь аймагт ч зүдэргээтэй, төсвийн хөрөнгөнд ч үрэлгэн буруу үзэгдэл юм. Тэгвэл иймэрхүү гэмээр “айлчлалыг” өнгөрсөн сард ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хийжээ. Тэрээр Говь-Алтай аймгаас эхлэн Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймагт айлчилсан. Аймаг бүр хэрэндээ бөндөгнөж багагүй зардал гаргаж байсныг Говь-Алтай аймгаас харж болно. Тус аймаг энэ зардалд хоёр сар гаруй төгрөг гаргасанаас 470 мянган төгрөгийг хүндтэтгэлийн зоогт зарцуулжээ. Үлдсэн нь тэр чигээрээ бэлэг сэлтэнд үрсэн. Бэлгийн “манлай”-д 282,5 мянган төгрөгийн үнэтэй дурсгалын зүйл байгаа нь нэгхэн хүнд өгсөн биз. Тэр нь манай ХЗДХ-ын мэргэн сайд. Мөн аймгийн бренд болох 11 ширхэг зүйлийг дагалдах дарга, цэрэг нарт нь өгчээ. Ахиад өөр нэгэн найман брэндийг өгч чемоданыг нь дүүргэжээ. Говь-Алтайхны өгсөн зургаар сайдтан аль нэг ханандаа өлгөсөн байх. Сайдтан сүүлийн үед дарга нараас ажил хийх “потенциал” шаарддаг болсон гэсэн. Говь-Алтайн Засаг дарга нь Засгийн газрын гишүүнийг зохих ёсоор хүндэтгэн угтах, зочлох, үдэх “потенциал”-тай гэдгээ төсвийн мөнгөө үрэн байж харуулжээ. Сайд нар аймагт очих бүрдээ бэлэг сэлт авах ёстой юу гэсэн асуулт гарч ирнэ. Хэрвээ Х.Нямбаатар сайдаас ингэж асуувал “би авья гээгүй, тэд өгсөн, до юу андэстэнд ми” гэх байх даа ...

