alim.mn | 2025.06.09
Багануур дүүргийн тендерт “даам” гарсан “УАЗ МЕГА” компанийг хэн өөгшүүлдэг вэ ...

Өнгөрсөн онд Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан тендер, төсөл арга хэмжээнд хуулийн байгууллага шалгаж үзэх шаардлагатай олон зөрчил илэрчээ. Үүнд зарим зөрчил нь нэр бүхий нэгхэн компанитай холбогдон гарсан агаад үүнд “УАЗ МЕГА”-г дурдаж болно. Тус компани “Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин худалдан авах” тендерт гүйцэтгэгчээр шалгарчээ. Төсөвт өртөг нь 80 сая төгрөг байсан. Гэтэл уг тендерийн урилгыг хуулийн дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлэлгүй даржээ. Түүнээс гадна Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн гишүүн А.Эрхэс гарын үсгээ зураагүй зэрэг жижиг гэмээргүй зөрчил илэрсэн байна. Мөн тус компани “Дулааны станц ТӨХК-д шуурхай ажиллагааны автомашин худалдан авах” 35 сая төгрөгийн өртөгтэй тендерт мөн л ялсан.  Гайхалтай нь компанийн гаргаж өгсөн Шүүхийн төрөлжсөн архив, татвар, нийгмийн даатгал, ШШГЕГ-ын зэрэг албан газруудын тодорхойлолтууд нь тендерийн урилга хэвлэлд зарлан нийтлэгдэхээс өмнөх он, сартай байжээ. Тендерт ордог, мөн ялахаа ч мэддэг тул ийнхүү тодорхойлолтууд аваад бэлдчихдэг бололтой. Тэгээд хэрэгтэй цагт нь хүссэн тоогоор нь гаргаж өгдөг. Гэхдээ бүх бичиг баримт нь байдаггүй гэнэ. 35 сая төгрөгийн тендерт л гэхэд харилцах банкны дансны үлдэгдэл, зээл авах боломжтойг нотолсон тодорхойлолт зэргээ ирүүлээгүй ч гүйцэтгэгчээр шалгарсан аж. Энэ нь дүүргийн дарга нарын зарим нь “УАЗ МЕГА”-г идэвхитэй дэмждэг, хаацайлдаг гэх хардлагыг төрүүлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ