
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээсээ буухын өмнө Монгол орныг шагналын одон, медалиар бүрэн дарсан. Тэгвэл нийслэл хотод Чингэлтэй дүүргийн дарга нар түүнээс дутахааргүй одонгийн хурыг дүүрэгтээ буулгажээ. Тус дүүргийн ИТХ нь өөрийн гэсэн “Чандмань одон” гэдэг одонтой. Үүнийг дүүргийн тэргүүн дээд одон гэхэд болно. Засаг дарга Н.Батсүмбэрэл ажлаа авангуутаа цэрэг хувцас өмсөн дүүргийн хилийн цэсээ эргэж хилийн зурвасаа баталгаажуулсан нь Чингэлтэй нь бүрэн эрхэт, бие даасан дүүргийн статустай болохыг харуулсан ухаалаг “дипломат алхам” гэж үнэлэгдсэн. Бүрэн эрхэт дүүргийн хувьд өөрийн гэсэн одон медальтай байх нь зүйн хэрэг юм. Дүүргийн тэргүүн дээд одонг зүгээр ч нэг гардуулдаггүй агаад сүр жавхлант ёслолын ажиллагаа явагдаж дүүргийн ИТХ-ын дарга зүүж өгдөг байна. Есолын ажилагаа нь сүрлэг тул ихээхэн хөрөнгө шаарддаг. Энэ удаад зургаан сая гаруй төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн 5-р сарын 10-ны өдрийн тушаалаар ёслолд 5,5 сая төгрөг төсөвлөсөн бол мөн сарын 24-нд ахин 450 мянган төгрөг зарцуулахаар “зарлигджээ”. Шагналыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар гардуулсан байна. Дүүргийн тэргүүн дээд одонг дүүргийн ИТХ-ын даргын гараас авна гэдэг нь “чингэлтэй” хүн бүрд тохиох аз завшаан биш биз ... Ийм их мөнгө зарцуулж буйгаас үзэхэд шагнал гардуулсаны дараа хүндэтгэлийн хүлээн авалт хийж зоог барьдаг байж магадгүй байна. Мөн ёслол нь олон сая төгрөгийн зардалтай гэхээр “Чандмань одон”-г тоймгүй үнээр захиалж хийлгэдэг болж таарах нь ...


