
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллахдаа удирдаж байгаа төрийнхөө дээд зэргийн хариуцлагагүй, сэтгэлгүй үйлдэлтэй халз тулж духаа маажсан нь түмний ярианы сэдэв болж байна. Өнгөрсөн оноос хойш импортын урсгалтынгол боомтыг короновирусны халдваргүй “ногоон бүс” болгох тухай дээд доодгүй ярьсан. Хятадын талаас эрүүл ахуй, ариутгалын олон шаардлага тавьсаны нэг нь ачааны машиныг ариутгах байгууламж байсан. Гэтэл МХЕГ-ынхан төмөр арам зангидаад дээр нь бэрзэнт тохсон байгууламж барьсан нь Монголын төдийгүй дэлхийн шившиг болжээ. Төрийнхөн ийм л “сэтгэл зүтгэл”-тэй ажиллаж байна. Цахимд энэхүү “байгууламжийн” өртөг 100 сая төгрөг гарсан гэх мэдээлэл тархсан. Тэгвэл Оюутолгой компани Гашуунсухайтын боомтод 40 гаруя сая төгрөгөөр орчин үеийн ариутгалын байгууламж барьж өгөөд нүүрс тээвэрлэлтийг хэвийн явуулж байна. Машин ариутгалын байгууламж барих нь МХЕГ-ын хийх ёстой ажил байсан. Гэсэн ч яст мэлхий шиг ажилладаг энэ алба дөнгөж өнгөрсөн сард л “хилийн боомтуудад хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж”-ийн 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ. Одоо тендер шалгаруулах, гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулах, барих гэсээр байтал зун өнгөрч таарах нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”-тэй ижил болов.

