Цар тахлаас шалтгаалан хүмүүсийн амьдралд өөрчлөлт орж байгаа. Тэр тусмаа урлаг соёл, олон нийтийн үйл ажиллагааг хориглосон болохоор дуучид, уран бүтээлчдийн хувьд амаргүй цаг болж байна. "Нюанс" хамтлагийн ахлагч М.Амараа Дүнжингарав захад наймаа худалдааны ажил эрхэлж байна. "Дуурийн дуучин манайхаас бусад оронд бол сая саяар үнэлэгдээд сууж байх...Урлаг соёлынхон 2 жил орлогогүй болсон ч "Нюанс" хамтлагийн ахлагч, опера Амарсанаа нам дагаж намиралгүй, наймаа хийн амьдралаа залгуулж байна" гэлцэв.
Попера урсгалаар Монголдоо анх дуулсан хамтлаг бол "Нюанс". Энэ төрлөөр тэд Монголын хөгжмийн ертөнцөд хэдийнэ өөрсдийн байр сууриа олжээ. Байр сууриа ч олохын тулд чамгүй олон, чанартай уран бүтээл хийж байв. Хамтлагийн залуус Монголынхоо үзэгчдэд төдийгүй гадаадад зохиогдсон олон улсын чанартай фестиваль арга хэмжээнд амжилттай оролцож Монголын сонгодог урлаг тэр дундаа попера урсгалыг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар яваа. “Нюанс” хамтлаг урын сан, уран бүтээлдээ дэлхийн сонгодог бүтээлүүд болоод дэлхийн алдартай поп болон попера дуунуудыг Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман хэл дээр дуулдагаараа бусад хамтлаг, дуучдаас өөрийн гэсэн өнгө аясаараа ялгардаг онцлогтой. Үзэгч, сонсогчдод сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлдэг “Нюанс” хамтлагийн 20 жилийн ой энэ онд болно. Анх 2001 оны МУГЖ Г.Эрдэнэбат УДБЭТ-ын шинэ жилийн баяр дээр “Нюанс” хамтлаг хэмээн албан ёсоор зарласнаар энэ хамтлагийн түүх эхэлжээ.