
Гуравхан сарын өмнө Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллага болон төрийн өмчит, оролцоот компаниудыг өндөр үнэтэй автомашин, тавилга худалдан авах, урлаг соёлын арга хэмжээг ивээн тэтгэхийг хориглосон. Гэтэл энэ шийдвэр ердөө цаасан дээр үлдсэн гэдэг нь төрийн албанаас зарлаж байгаа тендерүүдээс улам бүр харагдсаар байна. Иргэний нисэхийн ерөнхий газар л гэхэд спорт цогцолборын тохижилт тоног төхөөрөмж, тавилга хэмээн 400 сая төгрөгийн тендер зарлаад байна. Тендерийн техникийн бичиг баримтаас үзэхэд худалдан авах тоног төхөөрөмж, тавилгын мэдээллийг бүрэн оруулалгүй, хэдхэн хэрэгслийг дурдаад өнгөрчээ. Спорт цогцолборт ус цэвэрлэх робот, аеробик фитнесийн хэрэгсэл төхөөрөмж нийлүүлэхэд 400 сая төгрөг хүрэхгүй ойлгомжтой юм. Журам ёсоор худалдан авах төхөөрөмж бүрийн техникийн тодорхойлолт, үзүүлэлт, чанар байдлыг нэгбүрчилэн оруулах ёстой. Ийнхүү худалдан авах зүйлээ нууж хааж байгаа нь ихээхэн сэжиг төрүүлж байна. Өмнө нь Монголбанк 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж авах тендер зарлаад олны шахалтаар цуцалж байсан.

