alim.mn | 2025.06.09
“Тод сураг 1900-1922”-ын захирал Батсүмбэр сумын экс Засаг даргад 1,5 сая төгрөг, багийн даргад хурдан үрээ өгсөн хахуулийн ХЭРГЭЭС ...

Батсүмбэр нь хотынхон хамгийн сайн мэдэх Төв аймгийн сум юм. Энд олон компани газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул газрын үнэ ч өндөр, хэл ам ихтэй байдаг. 2016-2020 онд тус сумын Засаг дарга Д.Ганболд нь хясан боогдуулах замаар “Бултдаг рашаан”, “Экошим мандал” компанийн захирлуудаас хахууль авсан, нэхсэн хэрэгтээ  3,1 жилийн хорих ял авчээ. “Бултдаг рашаан” компанийн захирал  Б.Дэшигсүрэн 2017 онд  Батсүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэр Түшээ гүн гэх газарт нэг га газар худалдан авчээ. Газраа нэр дээрээ шилжүүлэх үеэс Засаг дарга Д.Ганболд түүнтэй “муур хулгана” болон тоглож эхэлсэн гэнэ.  Хүлээн авч уулздаггүй, арай гэж уулзахаар элдэв шалтаг шалтгаан тоочдог. Сүүлд нь халз ярихад “нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл шийдээд өгье” гэжээ. Ингээд мөнгө өгөхийг зөвшөөрч орлогч Булгантай нь гэрээ маягийн юм хийжээ. Тэр өдрөө Засаг даргатан  Цэцэгжаргал гэдэг хүний данс өгсөн нь сумын нягтлан бодогч байж таарсан. Нягтлан бодогч мөнгийг бэлнээр гарган Засаг даргадаа өгсөнөө хүлээсэн. Захирал уг данс руу 1,5 сая төгрөг шилжүүлээд газраа өөд нь татах ажилд оржээ. Хашаалаад боловсон бие засах газар байгуулж, тог цахилгаан татаж, ажилчдын амьдрах таван гэр барьж, 20*12 хэмжээтэй байшин барих зэргээр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Гэтэл 2019 онд  Засаг даргын орлогч Булган, сумын газрын даамал Мөнхбаяр нар Улаанбаатар хотод дуудаж уулзаад “таны газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөг” хэмээн “гэнэтийн бэлэг” барьжээ. Дараа жилийн хавар Д.Ганболдын  “газар чөлөөлөх тухай” захирамж гарч газар эзэмших эрхийн гэрээг цуцалж, хашааг нь буулгажээ. Захирал уулзах гэж өрөөг нь сахисан ч хүлээж авсаагүй тул аймгийн Засаг даргад гомдол гаргаж, шүүхэдсэн ч нэмэр болсонгүй. Харин ч Д.Ганболд залгаж “чамд олгосон 2017 оны захирамж хуурамч, чи газар чөлөөлөөгүй тул албадан буулгасны төлбөрийг төл”  хэмээн төлбөр босгож иржээ. “Бултдаг рашаан”-ы захирал сумын Засаг даргад чадуулсаны дээр багийн Засаг даргад нь хүртэл дарамтлуулсан байна. 3-р багийн Засаг дарга “танайх манай багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг тул багийн өдөрлөгийн бай шагнал даа” тулгажээ. Захирал олон жил хурдан адуу өсгөсөн тул эрлийз шар азарганыхаа төл болох 5-6 сая төгрөгөөр үнэлэгдэх шүдлэн үрээ өгчээ. Дараа жил ахин бай гарга гэж дарамтлахад нь айрагны том ваар өгсөн гэнэ. Багийн дарга давраад овооны наадам хийнэ гээд 200 мянган төгрөг хүртэл нэхэж авчээ. “Бултдаг рашаан” компанийн захирал нийгмийн зөв хандлагыг дэлгэрүүлэх зорилгоор сургаал номлолыг түгээдэг, нийгмийн идэвхитэй, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тод сураг 1900-1922” лавлах утсыг ажиллуулдаг, хууль хүчний байгууллагатай хамтран ажилладаг гээд сум багийн засгуудад дээрэлхүүлэхгүй баймаар нэгэн байсан. Гэсэн ч Батсүмбэрийн дарга нарт мөнгө, адуу өгсөн байна. Дараагийн удаад “Экошим мандал” компанитай холбогдох хэргээс хүргэнэ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ