Найруулагч Б.Баатарын эцэг нэгт төрсөн дүү МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Одоо нам төрийн хамгийн их өртөгтэй мөнгө үнэртсэн үйл ажиллагааг найруулагч Б.Баатар авч, гардан хийдэг болсон. Сүүлийн хоёр жилийн цахим наадмын концертийг Б.Баатар найрууллаа. Өнгөрсөн жил найрын хойморт газар нутаг, цэрэг эрсээ алдсан, Манжийн дарлалын үеийн уй гунигийн илэрхийлэл болох "60 цагаан адуу"-г МУСТА Д.Алтанжаргал, Зууны манлай дуучин Б.Сарантуяагаар хоёроор яралзтал инээмсэглүүлж байгаад дуулсан. Мөн "Толин хул"-ыг дуулуулсан нь учир битүүлгээр амиа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсныг ихэд санагдуулж эмзэглүүлсэн гэдэг. Саяхан өнгөрсөн жилийнх онц гойд ялгаагүй "клип"-ээ хийж, цэнхэр дэлгэцээр үзэгч түмэнд өргөн барив.
Харин үүнд буриад зон ихэд гомджээ. Буриадууд "Хошин шогийн жүжигчин Баатархүү биднийг архичн, агсам согтуу, хутга шөвөг барьдаг гэж мөн ч их доромжилж үзүүлэх юм даа" гэлцдэг. Сүүлийн хоёр наадмаар найруулагч Б.Баатар буриадуудыг үл тоосон хэмээх "ял зэм"-д унаж байна. Жил жилийн наадмаар үйлтэй юм шиг Буриадуудыг арай л доромжлох юм даа. Өнгөрсөн жилийн цахим наадмаар "Sweet emotion" хамтлагийн дуучин Сарнай буриад дуу дуулсныг хэзээ хойно мэдсэн. С.Сарнайг дуулахад буриад гэж танигдахын аргагүй ая хэмнэлийг нь өөрчлөөд хаячихсан. Тэр тусмаа буриадуудын "брэнд" болох онигор нүд, өргөн шанаа, шар царайны эсрэг "юм" үзүүлсэн. Буриад ёс заншил, аж амьдрал, ая хөг огт харагдаагүй. С.Сарнайг ч цэвэр монголжуу биш гэж гомдоцгоосон. Гэтэл энэ жилийн сонголт бүр "доошиллоо". Дууны ч, дуучны ч сонголт биш. Хажуугаар нь хошин шогийн жүжигчин Г.Алтаншагай эхнэр хүүхний хормой байн байн сөхөх гэж оролдсон нь эвгүй санагдсан гэнэ. Мөн буриад дээлийн энгэрийг Хүннү болгож, энгэрийн гурван өнгийг өөрчилж алдагдуулсан хувцас өмсгөсөн байх юм. Буриадууд Ардын хувьсгал, Монголын тусгаар тогтнолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэтэл өнөөдөр хэрхэн үнэлэгдэж байгаагаа харах гутамшигтай байна хэмээн санал бодлоо илэрхийлж байна.