Р.ЭРДЭНЭБҮРЭНД ОНООГООД БАЙСАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО
Барилга хот байгулалт, Зам тээврийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ барилаа, хорилоо, суллалаа гэсээр сүүлийн гурван жил болсон билээ. Саяхан Р.Эрдэнэбүрэнд оноогоод байсан “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэдэг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байна.
Анх “Эрэл”-ийн Эрдэнэбатын туслахаар ажилаж, 2004 онд гишүүний туслахаас шууд УИХ-ын гишүүн болсон залуу бол Р.Эрдэнэбүрэн. Сүүлд нэр дэвшсэн Б.Эрдэнэбатын намаас гарч, Ардчилсан намд орсон, далаад оны залуусын нэг. 2012-2016 онд хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргын даргаар сэлгэн ажилласан Р.Эрдэнэбүрэн сүүлийн хоёр жил АТГ-ын үүд сахиж, нэг баригдаж, нэг тавигдсаар хоёр гурван жилийн нүүр үзлээ. Харин одоо уснаас хуруай гарч, шүүх цагдаагийн асуудал эцэслэгдэх болжээ. Ухаант бэрийн хүчээр гэдэг шиг ухаант эхнэрийнхээ хүчээр хэргээр мултарч үлдсэн гэлцэж байна. Учир нь Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр хөөцөлдсөөр байгаад 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй байраа Эдийн засгийн ил тод байдлын хуульд хамруулж чаджээ. Үүний ачаар нөхөр Р.Эрдэнэбүрэнд нь оноогоод байсан үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдах хууль эрхзүйн үндэслэлийг нь бүрдүүлжээ. Прокурор, экс гишүүн Р.Эрдэнэбүрэнг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ашигласан хэмээн эсэргүүцсээр байсан хэдий ч Р.Эрдэнэбүрэн болон түүний найз “Нүүдэлчдийн соёл” эртний үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Ж.Гантөгс нарыг цагаатгасан тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн эхнэрийнхээ ачаар, 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 344.8 м.кв талбайтай орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолоо эзэмшин амьдарч байна. Гэхдээ байр, зогсоол худалдан авах гэрээ нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн нэр дээр биш харин найз Ж.Гантөгсийн нэр дээр хийгдсэн, найзынх нь нэр дээр бүртгэгдэн улсын гэрчилгээ авч хууль ёсны өмч болжээ. Эрдэнэбүрэнд эхнэрээс нь гадна найз үнэт эдлэлийн наймаачин Ж.Гантөгс нь их тус хүргэсэн. Р.Эрдэнэбүрэн 1,1 тэрбумын байр авсан орлогоо “Эхнэрийнхээ хувиараа эрхэлдэг үнэт эдлэлийн худалдааны орлогоос 412,4 сая, төрсөн дүүгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 106,0 сая, найз Ж.Гантөгсөөс зээлж авсан 380.0 сая, хуулийн этгээдээс авсан авлага буюу “Лозво ЖЛС” ХХК анх байгуулагдах үед түүхий эд худалдан авахад нь зарцуулж зээлсэн 160,0 сая, найз М.Нарангэрэлээс авсан авлага ба зээлийн 85,0 сая төгрөгийг тус тус зарцуулсан...” хэмээн мэдүүлсжээ. Хачирхалтай нь үнэт эдлэл борлуулж нөхөртөө 412 сая төгрөг өгсөн эхнэрийх нь дансны гүйлгээг шалгахад 8,5 сая төгрөгөөс өөр орлого ороогүй байжээ. Дүүгийнх нь “Лозво ЖЛС” компани нь монет худалдаж авч ээмэг, бөгж хийдэг байсан агаад 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн бичиг баримт ч байсангүй. М.Нарангэрэлийн тухайд тэрээр Америкийн иргэн агаад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд ирэхдээ экс гишүүн Р.Эрдэнэбүрэнгийн эхнэрт бэлнээр мөнгө өгөөд буцжээ. Юутай ч Ардчилсан намын Р.Эрдэнэбүрэн нэг тэрбум гаруй төгрөгөөр байр худалдаж авсан хэргээр дуудагдаж, АТГ-т нэлээн байцаагдсаны эцэст, дээлээ нөмөрчихөлгүй салсан байна.