Биеэ үнэлэгчидтэй хуулийн байгууллага, цагдаа байнга тэмцсээр ирсэн ч үр дүнд хүрээгүй. Гэтэл биеэ үнэлэгчдийн нэр барьж, мөнгө төсвөөс гаргуулдаг ТББ байдаг гэсэн яриа гарч байна. Юутай ч хүн төрөлхтний ууган мэргэжил биеэ үнэлэлт гэсэн явган шог яриа бий. Дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, ягаан дэнлүүний гудамж хүртэл байгуулсан нь бий. Харин манайхан үүнтэй хатуу тэмцэж, бараг л орой бүр зочид буудал, саун, массажны газруудаар гэнэтийн шалгалт хийж байна. Гэлээ гээд цөөрсөнгүй. Гэтэл хачирхалтай явдал болж, биеэ үнэлэлтийг далдуур дэмждэг төрийн бус байгууллага байж, түүнийг нь төсвөөс мөнгөөр угждаг бололтой. Үүнийг хөхиүлэн дэмжиж байгаа юм шиг харагдмаар үйл ажиллагаатай яам тамгын газар байх юм. Тухайлбал Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төсөл хөтөлбөрийнхний ажил эсрэгээрээ бие үнэлэгчдийг дэмжээд байгаа юм биш байгаа гэж бодогдмоор. Тэд “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс” гээд хачин сайхан нэртэй Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг юм байна. Түүгээр тогтохгүй 100 гаруй сая төгрөгийг ТББ-ууд руу шилжүүлжээ. Тэр байтугай “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллага нь бүр “Ази, номхон далайн бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоо” гэдэг газрын гишүүнчлэлтэй, лут байгууллага юм байна. Ази, номхон далайн бүсийн биеийн үнэлэгчдийн холбооны гишүүн “Төгс бүсгүйчүүд” ТББ байгууллага хөдөө тийш хүрээгээ тэлж, Дорноговь, Сэлэнгэ аймагт “Хатан замнал”, “Чуулган үгс” зэрэг салбар холбоодтой. Хамгийн ойлгомжгүй нь биеэ үнэлэгчид болон тэдний зуучлагчидтай ажиллана хэмээн 90-100 сая төгрөгийн санхүүжилт авчихдаг гэнэ. Ийм байхад манай цагдаа нар биеэ үнэлэгчидтэй тэмцэнэ гээд хөөрхий хүүхнүүдийн хөнжлийг хуу татаж, нүүрийг нь улайлгаж, нүдийг нь бүлтэлзүүлэх хэрэг байна уу. Цаанаасаа Эрүүл мэндийн сайд нь хүртэл дэмжиж байхад шүү. Гол нь энэ гэрээг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй байгуулжээ. Гэрээ, түүнд тусгагдсан хийж гүйцэтгэх ажлууд нь ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, биеэ үнэлэлтийг бууруулахгүй харин илүү дэмжиж, өөгшүүлээд байдаг юм биш байгаа гэж хардмаар. Учир нь “Төгс бүсгүйчүүд” ТББ-аар үйлчлүүлж байгаа биеэ үнэлэгчид, тэдний үйлчлүүлэгчдэд зориулаад эмчилгээнд хамруулж, бүр бэлгэвч тараана гэнэ. Шинжилгээний өмнө зөвлөгөө өгч, сургалтын сурталчилгааны материалаар хангахаар заажээ. Эмэгтэй биеэ үнэлэгчдийг зуучлагч нарын дунд нөлөөллийн уулзалт зохион байгуулах, эмэгтэй биеэ үнэлэгчдийн байршил дээр очиж явуулын шинжилгээ үйлчилгээ үзүүлэх гэхчлэн биеэ үнэлэгч бүсгүйчүүд болон үйлчлүүлэгчдэд зүйл бүрийн үйлчилгээ үзүүлэх гэнэ. Хөл хүнд бүсгүйчүүд болон хөдөө мал дээр эрс тэс уур амьсгалд, хотод хөлсөө урсган хөдөлмөрлөж яваа бүсгүйчүүдийг хайхардаг ТББ цөөн байхад биеэ үнэлэгчид харин хоёр гурван ТББ-аар дамжуулан "эрхэлдэг" юм биш үү. Архинаас гаргах үйлчилгээ эрхэлдэг, Цуутай аваргыг хүртэл архинаас гаргасан гэгддэг, 6000 хүн архинаас гаргаж нийгэмдээ нөлөө үзүүлсэн Ж.Цогтсугар гуайг ЭМЯ-наас таван сая төгрөг авсан гэж АТГ-ынхан шалгаж байсан. Үүний оронд энэ ТББ-уудыг шалгасан нь дээр юм биш үү?