alim.mn | 2024.12.23
Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Саранчимэг нар ЖДҮХС-гийн захирлыг "дарамталсан нь" ...
ЖДҮХС-гийнхан үнэхээр их дарамт шахалт дор явж иржээ. Тэдний гаргасан зарим зээл нь аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл гэхэд болно. Өдгөө зээл гаргуулсан нөхөд төрийн ордонд суудгаараа сууж харин зээл гаргасан сангийнхан түрүүчээсээ ял шийтгэлээ хүлээгээд эхэлсэн. Тухайн үед ЖДҮХС-гийн захирлаар С.Төгсбилэг, тамгын газрын даргаар Ш.Сугар, төслийн хэлтсийн даргаар Ж.Баасандорж ажиллаж байсан. Яамны сайд нь Б.Батзориг, ТНБД нь Д.Энхбат байсан. С.Төгсбилэг ажлаа авсны дараа буюу 2018 оноос төслийн сонгон шалгаруулалтыг хариуцан явуулсан. Төсөл сонгон шалгаруулах хурал бүрийн өмнө сайд нь "захиж", ТНБД "дээрээс чиглэлтэй төсөл шүү" гэж анхааруулдаг байжээ. Б.Батзориг нь зээл өгөх компаниудын нэрсийг цаасан дээр бичүүлдэг байжээ. 2018 оны 7-р сарын 30-наас 8 -р сарын 3-ны өдрийн хооронд төсөл хүлээн авч байх үеэр сайдтан төсөл сонгон шалгаруулах хорооны дарга болох ТНБД болон сангийн захирлыг өрөөндөө дуудаж жижиг цаас, гар утсан дээрхи мессеж зэргээс харж байгаад “бичээд ав” хэмээн зээл авах компани, хувь хүний нэрсийг бичүүлжээ. Бичүүлэхээс өмнө “Чи миний урьд нь өгч байсан жижиг цааснуудыг устгасан уу” гэж нягтлан асуугаад “... одоо би чамд энэ цааснуудыгөгөхгүй ээ, би өөрөө устгана, чи магадгүй устгахгүй байж мэднэ” гэж хаширласан байна. Сангийн захирал сайдынхаа хэлсэн нэрсийг нэрсийг А-4 цаасанд цэнхэр өнгийн балаар ар өвөргүй бичиж авчээ. Нэрийн ард анхаарлын тэмдэг тавьсаныг нь онцгой анхаарах буюу заавал санхүүжилт олгох, доошоо сум заасныг нь санхүүжилтийг нь жаахан бууруулж болох гэнэ. Захирал "нэрсийн дунд өмнө нь зээл авсан зарим нэг хүмүүс байгааг дахин оруулах шаардлага байгаа юм уу” гэж асуухад сайдтан “миний бич гэснийг бичээд
ав,  хий гэснийг хий, дуугүй наад ажлаа хий” хэмээн мундагджээ.
Д.Дамба-Очирын гэх “Сапфир стоун” компани
Б.Батзоригийн тушаалаар батлагдсан ЖДҮ зээл авах компаниудын жагсаалтад багтаж Батжаргал хэмээх залуу гэрээ байгуулах сангийн тамгын газрын дарга Ш.Сугартай уулзжээ. Барьцаа хөрөнгийг асуухад хар цагаан дуугарсангүй. Сангийн захирал нь "Дамба-Очир гишүүнийх юм байна, барьцаагүй гэрээ байгуулах арга байна уу" гэжээ. “Сапфир стоун” нь удалгүй Орхон аймаг дахь "Очир" төвийг барьцаална гэсэн ч тэр нь "Голомт" банкны барьцаанаас гараагүй байж таарсан. Удалгүй сангийн захирал "гишүүнд хүүхэд шиг загнуулдаг байна ч дээ" гэсээр иржээ. Д.Дамба-Очир "би чиний даргын даргын дарга шүү" гэж даналзсан гэнэ. Б.Батзориг ч бас дарамталж “Д.Дамба-Очир гишүүн яриад байна, хурдан шийдээд өгөөч, наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга, манай яамтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг, чи улс төр ойлгохгүй байна, ямар янзын нөхөр вэ чи” гэжээ. Ингээд “Сапфир стоун”-д 1,2 тэрбумын урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох гэрээ байгуулагдаж дараа нь Орхон аймгийн Баян-Өндөр сум дахь "Очир" төвийн үйлдвэрлэл-үйлчилгээний обьектыг итгэмжлэлгүйгээр барьцаанд нөхөж тавьсан болжээ. Бас нэг сонирхолтой явдал болсон нь ЖДҮХС-нд ирүүлсэн Д.Дамба-Очирын албан бичгийг сангийн тамгын газрын дарга Ш.Сугарын тушаалаар ажилтан Ц.Должинсүрэн нь гэртээ хадгалж байжээ.
Б.Саранчимэгийн гэх “Сингапурхэйльткейр сентр” компани
ЖДҮХС-гаас 900 сая төгрөгийн зээл авсан энэ компанийн захирал нь гишүүн хатагтайн дүү Б.Одончимэг юм. Энэ компани барьцаа хөрөнгө, хамтран зээлдэгчээ гаргаж өгөхгүй яваад байжээ. Б.Одончимэг нь дээрхи асуудлаар сангийн захиралтай уулзахаасаа өмнө болон уулзаад гарсаны дараа эгчээрээ яриулж байсан. Б.Батзориг ч "ах эгч хоёр нь УИХ-ын гишүүн тул зүгээр" хэмээсэн аж. Гишүүн хатагтай сангийхныг "битгий хүнд суртал гаргаад бай" гэж загнасан гэнэ.
М.Оюунчимэгийн гэх “Бест авто тюнинг”, “Уран хийц” компани
2018 оны хаврын шалгаруулалтаас дээрхи компаниуд болон иргэн Г.Энхтөгсийн нэр хасагджээ. Б.Батзориг ”М.Оюунчимэгийн төсөл хоцорчихсон гээд баахан юм яриад байна. Би чиний утсыг өгчихсөн шүү. Чи биечлэн уулзаад учир байдлыг сайн тайлбарлаад өгчих, би дараагийн санхүүжилтэнд оруулна гээд хэлчихсэн шүү” гэжээ. Төсөл сонгон шалгаруулах хугацаа болоход М.Оюунчимэг сангийн захирал С.Төгсбилгүүн лүү залгаж "сайдтай чинь сая уулзлаа, чамд үүрэгдсэн байгаа гэсэн, манайхтай холбоотой асуудлуудыг миний туслах яриад очно шүү” гэж хэлжээ. Гэсэн ч ”Уран хийц” компани болон иргэн Г.Энхтөгсийн төсөл шаардлага хангалгүй унажээ. “Бест авто тюнинг” нь 600 сая төгрөгийн санхүүжилт хүсээд 500 сая төгрөг авсан. Ингээд сайддаа "М.Оюунчимэг гишүүний 2, 3 төсөл байхад чи болгочихгүй яасан юм бэ, хүн хэлээд байхад анхаараад шийдчихгүй, тэр үлдсэн 100 гээд юм яриад байна, тэрийг нь шийдээд өг, санхүүжилтээ аваагүй компаниудын төслөөс шийдэх гарц ол” гэжээ.
Б.Ундармаа гишүүний гэх “Доктор мэйк” компани
2018 оны хаврын төсөл сонгон шалгаруулалтанд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх “Доктор мейк” компани материалаа ирүүлсэн боловч анхан шатны шалгаруулалтаас хасагдсан. Б.Батзориг сайд сангийн захирал руу мундагдаж “...Чи яагаад УИХ-ын гишүүдийн төслийг онцгойлон анхаарч шийдвэрлэ” гээд байхад Б.Ундармаа гишүүний төсөл хасагдчихсан юм бэ, над руу байнга яриад төвөгтэй байна. Чи өөрөө Б.Ундармаа гишүүнтэй очиж уулзаад учир байдлаа хэлээд юу гэж хэлэх нь вэ гэдгийг сонсоодох” гэжээ. Үүний дагаа гишүүн хатагтайтай уулзсан байна. Тэрээр "юу болоод өнгөрөв өө, материалаа танайд хүргүүлсээр байтал яагаад миний авах ёстой юм хасагдчихваа, маш сайн материал хүргүүлсэн шүү дээ” гэж халаглажээ. Мөн “...би сайдтай чинь яриад тохирчихсон байгаа, удахгүй дараагийн шалгаруулалт явагдах юм байна лээ, тэр үед чи анхаараарай” гэж "захижээ". Б.Батзориг сайдын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн "Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 дугаартай тушаалаар батлагдсан санхүүжилт авах компаниудын жагсаалтад “Доктор мэйк” нь 800 сая төгрөг авахаар оржээ. Тушаал гарсан даруйд л Б.Ундармаа сангийн захирал руу залгаж “тушаал гарлаа, одоо бүх асуудал чиний мэдэлд очлоо гэсэн үг, ийм учраас эхний ээлжинд манай санхүүжилтийг олго” гэжээ.
 
Б.Батзоригийн сангийн захиралд үүрэгдсэн анхны хоёр компани нь "Намуу дэвжих", "Тээвэр ачлал" агаад "онцгой анхаарч 1,6 тэрбумаас буулгаж болохгүй" хэмээн зааварджээ. "Тээвэр ачлал" нь ЖДҮХС-гаас 1,4 тэрбумын зээл авсанаас гүйцэтгэх захирал Д.Баатарням нь Б.Батзоригийн хэлсэний дагуу 700 сая төгрөгийг Мөнхбаяр гэгчид өгчээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ