Хотын түгжрэлийг бууруулах үүднээс эхний ээлжинд хотын хамгийн ачаалалтай хэсэг болох Цэцэг төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын дөрвөн уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий газруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийсэн. Гэсэн ч замын түгжрэл буурсангүй, шар дөрвөлжин тэмдэглэгээг ч иргэд мартлаа. Манайд анх хийж байгаа шар дөрвөлжин тэмдэглэгээ буюу “yellow box” анх 1960 онд Лондонд тавьж байсан түүхтэй, харин 90 оноос Европт ашиглахаа больжээ. Харин “Мода Монголоор дуусдаг” гэдгийг харуулж, одоо гэнэт ашиглахаар болж, бүр түгжрэлийг 70 хувь бууруулна гэсэн тооцоо гарсан гэсээр хийсэн. Энэ судалгааг хэн, хаана нь хийсэн юм бүү мэд. Нэг хэсэг Замын цагдаагийн нүүр царай болж явсан Ө.Энхтөр хурандаагийн амаар үүнийг хийсэн гэсэн шүүмжлэл сонсогдож байна лээ. Шар хайрцаг зураад, түгжрэл буурч байвал яах вэ. Гэхдээ шар будагны үнэ зөрүүтэй яригдаж, эргэлзээ төрүүлж байна.
Нийтийн тээврийн зөвлөгөөн дээр шар дөрвөлжин зурахад 2 сая төгрөгөөр зурна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлсэн. Гэтэл үнэ ханш нь огцом өсөн 200 саяар хийх болсон гэнэ. Хэсэгхэн газар шар будгаар тэмдэглэгээ хийхийн төлөө 200 сая төгрөг зарах нь арай дэндүү үрлэгэн хэрэг гэж НИТХ-ын сөрөг хүчний цөөн гишүүд шүүмжилсэн ч үр дүн гарсангүй. Ер нь хотын удирдлагууд хотын гудамжийг будчихаад мөнгө гаргуулж авахад гаршиж яваа гэж хэлж болно. Нэг хэсэг хотод дугуйн зам хийлээ, гайхамшигтай сайхан замтай боллоо гэж хэсэг рекламдсан. Гэтэл Сансар орчмоос, Өгөөмөр зах, Замын цагдаагийн газар, Урбанек хавийн явган хүний замын талыг улаан будгаар будчихаад “дугуйн зам” гэж зарлаж, үүнийхээ төлөө 2 тэрбумыг зарцуулсан гэх юм билээ. Гайхамшигтай дугуйн зам, зарцуулсан мөнгө болох 2 тэрбумыг нь сонссон нийслэлчүүд гайхамшиг биш аймшигтай дугуйн зам гэж нэрлэж байна.
Өмнө нь бас нийслэлийн төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглож, тэмдэглэгээнд улсын төсвөөс 900 сая төгрөг зарж, замын тэмдэглэгээнд 100 саяыг зарсан ч оновчгүй болох нь илэрхий болж, долоохон хоногийн даргаа цуцлагдсаныг хэн хүнгүй санаж байгаа.
Тэгэхэд тэмдэглэгээнд 14 сая төгрөг зарсан гэсэн ч 900 сая төгрөг зарлагадсан нь илэрхий болсон шиг, хоёр саяар хийнэ гэсэн ажил нь 200 сая болжээ. Ийнхүү хотын удирдлагуудын ам ажил алд дэлэм зөрж, анх хийнэ гэсэн мөнгөн дүн нь гэнэт тэнгэрт тултлаа өсдөг нь гэм биш зан боллоо.