
Социализмын үед зуд болоход, аймаг нийслэлээс төлөөлөгчид ирж, “Хэдэн хурга үхүүлсэн бэ” гэж байцааж, “Байгалийн гамшиг зудаас төлөөлөгчийн зуд хэцүү” гэж малчид ярилцдаг байсан гэдэг. Одоо цар тахлын үеэр коронавирусын халдвараас илүү УОК, аймгийн онцгой комиссийн шийдвэр ард иргэдийг чирэгдүүлж байна. Гадаадаас ирсэн иргэдээ сөрөг байсан ч 21 хоног буудалд хорьж, 10-20 сая төгрөгийг нь “сэгсэрнэ”. Хүнд өвчтэй бүсгүй 3 настай охинтойгоо уулзаж чадалгүй хөл хорионд нас барьж, Архангайн иргэн нийслэл рүү нэвтэрч чадахгүй 22-ын товчоон дээр амь тавьсан гээд 21 дүгээр зуунд гарсан гэхэд гайхмаар жишээ зөндөө...
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг 2021 оны 4 сарын 5-наас 7 сарын 1-ний хооронд ажиллах тул ажлын хэсэгт шаардлагатай зардал хөрөнгө гаргах тухай нэгдүгээр, хоёрдугаар тус тус баталжээ.
Энэ зардлыг УОК-т ирсэн хандиваас гаргахыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд даалгажээ. Тэртээ тэргүй бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд тавихаар хоёр сар ажилласан баг нэг удаа гэхэд 20 сая төгрөгийн витамин С.Амарсайханы тушаалаар ууж, дархлаагаа дэмжжээ. Энэ витаминий мөнгийг иргэдийн УОК-т өргөсөн хандивын мөнгөнөөс гаргаж, шууд гэрээгээр худалдан авчээ.Бүтэн өдөржин иргэдэд вакцин хийсэн сувилагчдаа цаасан аяганы тал хоол өгч, улаан бүсэд ажиллаж байгаад коронавирусээр өвдсөн эмчдээ 100 гаруйхан мянган төгрөгийн цалин өгсөн гэх хэл ам гарсан. Юу хийж байгаа нь тодорхойгүй хэдэн даргад 20 саяар витамин уулгахаар 20 эмч сувилагчид хуваагаад өгчихсөн бол...
