alim.mn | 2024.12.22
М.Уранцэцэг Лондонгийн олимпод 7, 2016 оны олимпод 5 байр эзэлсэн...

М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ. Аав Мөнхбат нь аймгийн начин хүн.  Бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. 2006 онд “Женко” клубын тамирчин болсон, энэ үеэр Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. Ингээд 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. Өсвөр насанд 48 байсан энэ жингээ 31 нас хүртэл хадгална гэдэг амаргүй. Ээж Цэрмаа нь түүнийг жингээ барих хоолоо зохицуулахад нь голчлон оролцдог байна. МУГТ, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од Уранцэцэгийг сүүлийн жилүүдэд дасгалжуулж, бэлтгэл сургуулилтыг нь тохируулж байгаа. М.Уранцэцэг багш Х.Эрдэнэт-Одынхоо тухайд:
“Жүдогоор хичээллэсэн цагаасаа эхлээд л Цагаанбаатар ах шиг, Эрдэнэт-Од эгч шиг бөх болохсон. Тэдэн шиг барилдаж сурахсан гэж боддог байлаа. Одоо ч тэр бодол хэвээр. Цагаанаа ахын хурц дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг, Эрдэнэт-Од гавьяатын юманд сэтгэлээсээ ханддаг, аливаад бүхнээ зориулж, дайчилж чаддаг давуу чанарыг их хүндэлдэг. Дагаж дуурайхсан гэж боддог. Т.Эрдэнэт-Од эгч одоо миний дасгалжуулагч, Эмэгтэй хүнийг эмэгтэй дасгалжуулагч удирдах нь их сайхан юм байна. Өөрөө ч сайн бөх байсан болохоор хэлсэн үг заасан арга мэх нь үнэтэй сaнaгддаг юм” гэж ярилцлага өгсөн…

М.Уранцэцэг уг нь боксын тамирчин болох хүсэлтэй байжээ. Баянхонгороос ирж, нийслэлийн 38 дугаар сургуульд орсон. Жаахан охин спортын төв ордноор явамхай. Бокс хаана нь тоглодог юм сонирхоод л… Гэтэл боксын заал нь засвартай хэн ч байхгүй. Засвар нь хэзээ дуусах юм бол гэж өдөр бүр очиж харна. Тэгж явж байгаад жүдогийн тамирчдын бэлтгэлийн үеэр таарчээ.  Нэг л гоё юм шиг. Барилдаж болмоор ч юм шиг санагдсан даа. Дасгалжуулагч Баярсайхан багшид саналаа хэлснээр жүдогоор хичээллэж эхэлсэн. Гэхдээ хааяа боксын заалыг эргэдэг. Тэгээд бүтэн cap жүдогоор бэлтгэл хийсний дараа зориг шулуудсан гэнэ.  “Юм гэдэг сонин цаанаасаа л зам нь тавигдсан. Хүн тэр замд яагаад ч юм орж очдог юм байна. Жүдогоор яваад буруудаагүй” гэж даруухан ярьдаг.

М.Уранцэцэг өнгөрсөн 6 сард “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох “Будапешт-2021” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээ-ий эхний өдөр Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү ДАШТ-ээс 4 медаль хүртсэн Монголын анхны жүдочоор 31 насандаа тодорсон.

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг Мөнхбат 2016 онд Лондонгийн Олимпийн наадамд 7, 2016 оны Бразилд болсон олимпод 5-р байр эзэлж байсан тамирчин. Өнөөдөр монголчууд Токио 2020 олимпийн наадмаас алтан медаль авна хэмээн дээлийнх нь захыг мушгиж байна. Ерөөлтэй болтугай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ