Ази-Европын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт арга хэмжээ хэдэн жилийн өмнө болсон ч дуулиан нь тасрахгүй байна. Аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ-ын зардлаас 79.2 тэрбумыг шамшигдуулсан 17 албан тушаалтныг илрүүллээ” гэж мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авсангүй.
АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүүгийн зардалд хийсэн Үндэсний аудитын дүгнэлтээр бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ширхэг эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ын зочдод, хүн тус бүрт 6,7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ. Нэмээд Монголын хэвлэлийн зах зээлд ноёлогчдын нэг болох “Непко” компаниас гадаадын зочдын номын бэлгийг авчээ. Тус компанийн ТУЗ-ийн даргаар нийтлэлч Баабар ажилладаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газар нь Баабарын компанитай 2016 оны 5-р сарын 5-нд гэрээ байгуулан зочид төлөөлөгчдөд өгөх “The History of Mongolia” гурван боть номоос 70 ширхгийг нийтдээ 28 сая төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь гэрээтэй, төсөвтэй бол үүнээс гадна огт төсөвд суулгалгүйгээр ахиад “Непко”-гоос 78 сая төгрөгний номыг худалдан авсан. Энэ наймааг AСЕМ-ын БАА буюу Бэлтгэл ажлын алба хийсэн агаад “Almanac history of Mongolia” номыг нэг бүрийг нь 60 мянган төгрөгөөр 1300 ширхгийг худалдан авчээ. Дээрхи номыг худалдан авах төсөв батлагдаагүй атал АСЕМ-ын Үндэсний зөвлөлийн 2016 оны 3-р сарын 2-ны 17 дугаар хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амаар үүрэгдсэний дагуу хийгджээ. Ерөнхий сайдтан зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлсийн жагсаалтад “Монголын түүхтэй холбоотой англи хэлээр бичсэн ном оруул” гэж үүрэгдсэний дагуу энэ “ажиллагаа явагджээ”.