alim.mn | 2024.12.22
"Эрдэнэс Таван толгойд"-д сахилгын зөрчлөөр халагдсан хүнийг дэд захирал болгожээ

Төрийн өмчит компаниуд дунд "Эрдэнэс Тавантолгой" шиг ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь холилдсон газар байхгүй биз. Энэ нь компаний ТУЗ-ийн гишүүд нь ихэвчлэн улс төрийн томилгоогоор томилогдсон төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон толгой компани, хувьцаа эзэмшигчийн саналаар томилогдсон хүмүүс байдаг. Ямар шалгуураар хэрхэн томилогдсон нь тодорхойгүй нь дээр байнга солигдож өөрчлөгддөг. 2018 оны 10-р сард ТУЗ-ийн дарга болсон УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баярааг ҮХГ-ын дарга Б.Баярсайханаар өөрчилсөн. Уг нь М.Баярааг гол хувьцаа эзэмшигч УУХҮ-ийн сайдын баталсан удирдамжийн дагуу томилсон гэдэг бол ҮХГ-ын даргыг хэний "удирдамжаар" дэвшүүлсэн нь тодохойгүй. ТУЗ-ийн гишүүд нь ЗГХЭГ-ийн дэд дарга, СЯ-ны ТНБД, Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга гээд дан дарга нар. Ялангуяа УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар яамнаас "Эрдэнэс тавантолгой" компани луу, ТУЗ-өөс компанийн гүйцэтгэх удирдлага луу маш амархан "шилждэг". ТУЗ-ийн гишүүн, төрийн төлөөлөл байсан УУХҮЯ-ны хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг нь 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн хурлаар өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзаад ердөө хоёрхон өдрийн дараа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хэлтсийн дарга болсон байна. ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нэг нь АН-ын Р. Бурмаа агаад аудитын хорооны гишүүн гэгддэг. Гэтэл энэ компанид дотоод аудит нь амьтай голтой төдий л ажиллаж ирсэн. Дотоод хяналтынхан бараг хяналт шалгалт хийдэггүй ч цалингаа авсаар л явсан. Энэ нь компаний гүйцэтгэх удирдлагын бодлогоор хийсэн ажил байх гэсэн хардлагыг төрүүлдэг. Өдгөө компаний үйлдвэр, уул уурхайн газар хариуцсан дэд захирал Д.Дэлгэрбаяр өмнө нь дотоод хянагчаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хяналт шалгалтын тодорхой ажил хийгээгүй ч уурхайн ерөнхий геологичоор томилогдоод сахилгын шийтгэлийн улмаас ажлаасаа халагдсан. Гэсэн ч шинэ бүтэц-зохион байгуулалт гэгчээр үйлдвэрлэл, уул уурхайн газар хариуцсан дэд захирал болжээ. "Эрдэнэс Таван толгой" компанийн ТУЗ-ийн дарга гишүүд нь тогтоосон жишгээс 2,7 дахин их буюу дарга нь 1,8 сая төгрөг, бусад гишүүд нь 1,3 сая төгрөгийн тогтмол цалинтай. Үндэслэлгүй их цалинд 2016-2018 оны хооронд 108 сая төгрөгийн үргүй зардал гаргажээ. ТУЗ-ийн гишүүд нь өндөр цалин авдаг атлаа зарим нь компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх талаар идэвх санаачилга, үүрэг, оролцоо хангалтгүй байдаг. Хурал нь дээд тал нь 75 хувийн ирцтэй л явагддаг гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ