ЖДҮХС-гийн хэргийн тухайд УИХ-ын гишүүд гол буруутан мэтээр ярьсаар ирсэн. Гэхдээ сангийнхан тийм ч ариухан хүмүүс байгаагүй аж. Тус сангийн ажилтан Б.Мөнхтулга нь “Хашдэ” компанийн жигнэсэн мах боловсруулах үйлдвэр барих 986 сая төгрөгийн “Ton мах” төслийг зээлийн санхүүжилтэд оруулахын тулд "Тоёота Приус" машин өгөхийг шаардан бүр авч чаджээ. Шаардсан машиныг нь компанийнхан гаргаж өгсөн агаад энэ хэрэгт захирал Ч.Х, менежер В.О болон "зуучлагч" Э.Ч нар ял авсан. Б.Мөнхтулга нь цайвар цэнхэр өнгийн "приус-30" машиныг эхнэрийнхээ төрсөн дүү болох Б.З-гийн Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг "Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн" ТББ-ын нэр дээр шилжүүлэн авчээ. "Хашдэ" компани нь тэрбум гаруйн зээл хүсээд сайд асан Б.Батзоригийг унагасан тушаал гэдэг 2018 оны 5-р сарын 18-ны "алдарт" А/88 тоот тушаалаар 400 сая төгрөг авсан. Мөн тус компани нь тушаал гарсан 2018 оны эхний 3-р улирлын байдлаар зээлийн өртэй ч зээлийн материалдаа "өргүй" гэж оруулаад аргалсан аж. Иймээс "буруу замаар олсон" Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ-ын нэр дээрхи машиныг хурааж улсын орлого болгожээ.