alim.mn | 2024.12.23
Атрын 3-р аян эхэлснээр энэ салбарт нэг их наяд төгрөг тараажээ

Хүнс хөдөө аж ахуйн яаманд үе үеийн салбарын сайдаар нь газар тариалангийн том талбайтай, гурилын үйлдвэртэй хүмүүс томилогддог, эрх ашгийн зөрчил гэдэг ойлголт энэ салбарт байдаггүй гэдэг. Энэ салбарт бизнесгүй ганц сайд нь Р.Бурмаа байсан гэдэг. Атрын гуравдугаар аяны хүрээнд төр бодлогоор дэмжиж байсны хүчинд газар тариалангийн салбар борооны дараах цэцэг шиг сэргэсэн. Энэ нь сайдын сайных биш, төрийн дэмжлэг их байсантай холбоотой. Атрын гуравдугаар аян эхэлснээр энэ салбарт урамшуулал, хөнгөлөлт, зээл зэрэгт гэхэд л бараг их наяд төгрөг тараасан гэдэг. Тиймээс улс төрийн бялуу хуваахад хамгийн амттай хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуйн яам болон хувирсан. Хүнс хөдөө аж ахуйн сайдаар МАН ялахад Т.Бадамжунай, Ардчилсан нам ялахад Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр сайдаар очдог байв. Энэ хоёр бол АН, МАН-ын албан бус санхүүч, түрийвч, мөнгөний үнэр анддаггүй гэдэг. Харин Шийдлийн Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар алга дарам ч тариалангийн газаргүй, гурилын үйлдвэргүй хүн томилогдсон нь Р.Бур­маа.  Ингэснээрээ газар тариа­­лангийн салбарт үүлэн чөлөөний нар туссантай адил хэрэг болсон юм. Р.Бурмаа сайдын үед Атрын гуравдугаар аянаас хойших олон булхай ил болсон. Урамшуулал авахын тулд ургац хураалтын дүнг өсгөж хэлдэг, үнэ тогтвор­жуулах хөтөлбөрөөр гурилын үйлд­вэрүүдэд тараа­сан 60 тэр­бум төгрөгийн 20 нь хаашаа нь мэдэгдэхгүй алга болсон нь илэрсэн гэхчлэн. Тариаланчдын эсэр­гүүцэл, эгдүүцлийг үл тоон үнийн хөөрөгдлийг газарт буулгаж ирсэн аж. Тиймээс “Гацуурт”-ын Чинбат, “Шим”-ийн Цандэлэг, “Камертон”-ы Эба тэргүүтэй тариалангийн талбайтай эрчүүд хүч хавсарч “Бурмаа тариа тарих байтугай тасалгааны цэцэг ч тарьж үзээгүй” гэж баалсаар, улс төрийн карьерт нь цэг тавих дөхсөн.   Гэсэн ч Р.Бурмаа бууж өгсөнгүй. Гацуурт"-ын Л.Чинбатыг олон нийтийн өмнө “Махны үхэр оруулж ирнэ гээд ХХААЯ-наас 3 тэрбум төгрөг зээлээд буцааж төлөөгүй олон жил болсон доо. Тэрийгээ гэрээ ёсоор төлсөн бол дараагийн олон аж ахуй бас махны үхрийн аж ахуй эрхлэх боломжтой байсан. Энэ асуудлыг гаргаж тавьснаар их ч олон аргаар намайг дайрч гүтгэсэн дээ. Шударга бус юманд үнэн голоосоо дургүй гэхээр тэссэнгүй. Шударга л бай л даа!” хэмээн сэтгэгдэл үлдээж, тэрбумтныг дуэльд дуудсан. Харин “Гацуурт”-ын эр хүний Чинбат дуугүй өнгөрөөсөн. Уг нь гүтгэлээ гэж үзсэн бол  зөрчлийн хуулиар торгуулах эрх ч нээлттэй л дээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ