alim.mn | 2025.01.05
П.Анужин: Эрүүл мэндийн салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгддэг, харамсалтай нь үрэн таран болгодог
НББХ-ны Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллажээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг
Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжсан шинэчлэл хийж байна. Санхүүжилт, хариуцлага хоёрыг хамтад нь авч үзэж байж гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд шийдэгдэнэ. Системийн хэмжээний гажуудлуудыг засах нь манай ажлын хэсгийн үүрэг, зорилго…
Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэчлэлээс ухрах ёсгүй. Харин энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч буй алдаа дутагдлыг зөв оношилж, ямар асуудал шийдвэрлэх шаардлагатайг тооцоо судалгаан дээр үндэслэн тогтоосноор эрүүл мэндийн салбар, Засгийн газар, Улсын Их Хуралтайгаа хамтран, хамтын хүчээр засаад явнg гэлээ. 
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут
Эрх зүйн шинэчлэл, хуулийн хэрэгжилт хөрсөн дээрээ хэрхэн бууж байна вэ, юуг нь засаж, сайжруулж байж цаашид үр өгөөжтэй болгох вэ гэдгийг тодорхойлохын тулд шат шатны түвшинд уулзалт зохион байгуулж байна. 8, 9 дүгээр сард газар дээр нь танилцаж ажиллаад, 10 дугаар сард намрын чуулганд асуудлыг танилцуулна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах санал, дүгнэлтээ оруулна.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин
Эрүүл мэндийн салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгддэг. Харамсалтай нь үрэн таран болгочихдог асуудал байна. Тэгсэн хэрнээ хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга дээвэр ч үгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байхад хүлээгээд авчихсан, одоо шаардлага хангадаг болгохын тулд дахиад төдөн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, шийдүүлж өгөөч гээд сууж байна. Ийм хариуцлагагүй байдал гаргахгүйн тулд ямар хяналт хэрэгжүүлэх вэ, ийм байдал дахиж давтагдах ёсгүй…

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ