Үгээр хэлээд болоод болохгүй болохоор нь “яс маханд” нь хэлсэн гэмээр энэ үйлдлийг “Шинэ дүр төрх” СӨХ-ийн экс дарга Ч.М гаргажээ. Тэрээр 2019 оны 9-р сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15-р хороо, 78-р байрны урд талын талбай дээр байсан хохирогч С.Б-ийн эзэмшлийн “Альфард” маркийн автомашины 4 дугуй, хохирогч А.Б-ийн эзэмшлийн “Форд Експлорер” маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалж, бусдад 680 мянган төгрөгний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. СӨХ-ны даргыг шөнийн 00 цагийн үед явган хүний зам дээр гаргаж тавьсан машинуудын дугуйг хутга, шөвгөөр хагалахад пүс пас хийсэн айхтар дуу гаржээ. Энэ үед тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан 78-р байрны нэгэн оршин суугч цочин хартал орцны гэрэлтүүлэгт өндөр нуруутай настай хүн харагдсан нь СӨХ-ны даргыг гэж таньжээ. Дарга ч тухайн оршин суугчийг хараад болсон явдлыг хэлэхгүй байхыг гуйсан гэнэ. Гэсэн ч СӨХ-ны даргын “шөвөгт” тэмцлийг үнэлээгүй залуу өглөө нь машины эздэд “алтан хошуу” өргөснөөр тэд цагдаад гомдол гаргажээ. Дугуйгаа хагалуулсан машины эзэд нь хүүхдийн тоглоомын талбай, байрны явган хүний зам дээр байнга машинаа тавьдаг, СӨХ-ны даргын удаа дараагийн шаардлагыг үл тоож яваад ийнхүү хохирсон аж.