МУГТ Б.Сэр-Од: Ханиад хүрсэн болохоор гүйж чадсангүй
Олимпийн наадмын сүүлчийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдлаа. Тэсвэр тэвчээр, шандас шалгасан энэхүү гараанд 106 тамирчин өрсөлдөхөөр гараанаас гарав.
Өмнөх өдөр нь явагдсан эмэгтэйчүүдийн марафоныг хэт халуунаас болж нэг цагаар урагшлуулсан. Харин эрчүүдийн тэмцээний цагт өөрчлөлт орсонгүй, хуваарьт цагтаа явагдлаа. Уралдаан болж байх үед Саппород 27 градус орчим халуун байв. Гэхдээ салхитай байсан нь тамирчдыг уралдахад дэм болж байлаа.
Энэхүү уралдаанд Монголын хоёр тамирчин хурд сорьсноос Ц.Бямбажав 2 цаг 21 минут, 32 секундын амжилтаар 55-р байрт орлоо. Энэ нь түүний хувьд улирлын шилдэг амжилт нь болж байна.
Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 35 дахь км-ээс замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй. Энэ өдөр нийтдээ 30 тамирчин уралдааныг дундаас нь орхижээ.
Тамирчид барианд орсны дараа Б.Сэр-Одтой цөөн хором холбогдож, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна. Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгаж чадлаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ