УИХ-ын гишүүд, төрийн томоохон албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхааралд орж, тэдний хөрөнгө, орон сууц, байр байгууламж, машин, үнэт эдлэлийн үнийг сонсонгоо “тэд яаж амьдраад, бид яаж амьдраад байна” гэсэн атаархуу бодолд иргэд автаж суугаа нь нууц биш. Гэхээ зарим гишүүдийн хөрөнгө орлогын дүн буурсан үзүүлэлттэй гарч байна.
УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар, Б.Наранхүү гэхчлэн мөнгө нь үржиж байдаг, барагдашгүй буянтай улс байна аа. УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар өнгөрсөн цагаан сараар өвгөд өтгөс буурлуудад, нэг килограмм будаа, гурил, сувинер өгсөн биш 83 настай хөгшин хөлд нь үрэгдэж, амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ хэрэгт эрхэм гишүүн уучлал гуйгаагүй, нэр сүр нь буураагүй гялалзсаар. Хөрөнгө орлого нь ч үржиж, жилийн орлого 1 тэрбум 533 саяар тоологдож, харилцах дансны үлдэгдэл 22 тэрбум байгаа нь аргагүй амны хишигтэй хүн гэлтэй. “ЖДҮ”-чин гишүүний эхэнд шахуу нэрлэгдэж, хүүгийнхээ хамаарал бүхий компанид 850 сая төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хөрөнгө чинээ УИХ-ын эмэгтэй гишүүд дундаа дээгүүр. Дансандаа таван тэрбум хол гарсан мөнгөтэй, 850 саяын үнэт эдлэлтэй амьдрал нь болж явна. MCS-ийн гэх тодотголтой Л.Энх-Амгалан гишүүний жилийн орлого 12 тэрбум 820 сая 232 мянгаар хэмжигдэж, 300 сая төгрөгийн үнэтэй Лексус 570 унаж олны жишгээр амьдарч явна. Харин авлага нь сүүлийн 4 жил 2 тэрбум 700 сая төгрөг байна. Ямар хүн Л.Энх-Амгалан гишүүнээс мөнгө зээлчихээд дөрвөн жил авлагатай гэж яваа юм бол доо. Өөр хүн бол өдөр шөнөгүй, 2 тэрбум 700 сая төгрөгөө нэхэж, чихийг нь амраахгүй дээ. MCS-ээр овоглодог Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир гэсэн нэр ихэр юм шиг хамт явдаг. Монгол Улсын ерөнхийлөгчийг мажоритори тойрогт унаган ялж гарч ирсэн Л.Элдэв-Очирын жилийн орлого 13 тэрбум 979 сая 379 мянга байна. Орон сууц, барилга байгууламж нь 4 тэрбум, 407 сая 790 мянгаар үнэлэгдсэн бол үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлээ нэг тэрбумаар үнэлжээ. Харин УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоороо тэргүүлдэг “Хурд”-ын Чойжилсүрэн, “Бишрэлт”-ийн Ундармаа хоёрын хөрөнгө орлого 2018 онд илт буурчээ.