alim.mn | 2025.01.03
МАН-аас Н.Энхбаатарыг нэр дэвшүүлэхээр тогтжээ

МАН-ын Удирдах Зөвлөлийн зарим гишүүд, Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг хүндэтгэн, ээжийнхээ төрсөн нутагт нэр дэвших сонирхол байгаа эсэхийг саналыг нь сонсох, тандахын завсар  асуужээ. Гэвч Н.Энхбаяр УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна. МАН-д Хэнтийд нэр дэвшихээр горилогч олон.

  МАН-ын Даргын зөвлөх, өмгөөлөгч Л.Батжав, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямба, Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга асан, МАН-ын Бага Хурлын гишүүн С.Ононбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Энхбаярын Батшугар нарын нэрс МАН-ын удирдлагуудын түвшинд яригдсан юм байна. Эндээс МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2000-2004 онд анх УИХ-ын гишүүн болоход туслах, зөвлөхөөр ажилласан Н.Энхбаатарыг дэвшүүлэхээр тогтжээ. Тэр өдөр тэнгэр л "нурахгүй" бол Н.Энхбаатар нэр дэвших нь бат гэж намын апаратынхан ярьж байна. 

АН-аас М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлнэ гэх авч Цогтгэрэл даргатай АН-ыг СЕХ бүртгэхгүй байх магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ намын нэр дэвшигчийг оруулаагүй хойно.

Харин С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Ж.Оюунбаатар, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга асан Ц.Баатархүү нарын нэгийг УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх аж. Мөн хэрэв АН өөрийг нь нэр дэвшүүлэхгүй бол Э.Бат-Үүл өөрийн туслах, зөвлөхүүдийн удирддаг Гэр Хороолол Хөгжлийн Намаасаа уг сонгуульд нэр дэвшинэ гэх хувилбар бий, иймээс ч Гэр Хороолол Хөгжлийн Нам Хэнтийд болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн гэх яриа тус намынхны дунд гарчээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид уг УИХ-ын нөхөн сонгуульд оролцох сонирхол бий гэх авч тэрээр эцсийн шийдвэрээ гаргаагүй болохыг эх сурвалж өгүүлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ