Хөвсгөлд Д.Дамдин аваргын хүү Баяраагийн Төрмагнай түрүүлжээ
Хөвсгөл аймгийн цол олгох үндэсний бөхийн 128 бөхийн барилдаанд Дархан аварга Д.Дамдины ач хүү, Улсын гарьд Д.Баяраагийн хүү аймгийн харцага Төрмагнай түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангалаа. Аймгийн харцага А.Мягмаржав үзүүрлэсэн байна.
Хөвсгөлчүүд Дэлгэр мөрнийхөө хөвөөнд дэнж хотойтол наадсан. Аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн цол чимэг олгох 128 бөхийн барилдуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж, Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, А.Давааням, Б.Даваа-Очир тэргүүтэй хэд хэдэн бөх зодоглох гэсэн. Уг наадам нь ямар ч бай шагналгүй, зөвхөн аймгийн цол горилогчдод цол, чимэг нэмэх ёстой. Гэтэл дээрх нөхөд хор, найраа хийгээд зарим нэг залуусыг дэмжиж цолонд хүргэх нь гэсэн хардлага гарсан. Тэднийг Улсын харцага Г.Ганхуяг эсэргүүцэн “Залуучуудаа хооронд нь барилдуулчих аа, тэд өөрсдөө сайхан барилдаад цол чимгээ хүртэг. Улсын цолтой та бүхэн барилдаад амжилт, эрэмбэ дээрээ зураас нэмэхгүйгээс хойш больчих. Үнэхээр барилдах гээд байгаа бол маргааш барилдаан зохин байгуулъя. Бай шагналыг нь хувиасаа ч болтугай өгье” гээд л лайв хийсэн. Нөгөө хэд нь Дорнодод Анар харцага түрүүлж байхад бид яахаараа барилдаж болдоггүй юм гэж маргаснаар наадам эхэлсэн юм. Юутай ч Уйлган голын гурван аваргын нутгийнхан хоймор нутагтаа сайхан наадлаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ