УИХ-ын гишүүнээсээ татгалзан байж Хотын дарга болсон Д.Сумъяабазарын орыг залгах нөхөн сонгууль 10 дугаар сарын 10-нд болно. Нөхөн сонгуулийн улсын төсвөөс гарах зардал 2 тэрбум 287 сая төгрөг. Энэ мөнгийu Засгийн газрын нөөц сангаас гаргана. Уг нь үүний 50 хувийг Д.Сумъяабазараас гаргавал таарна. Хотын дарга болох ийм туйлын хүсэлтэй байсан юм бол яах гэж УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн бөх вэ? гэж шүүмжлэх улс байна. Энэ дээр ёстой буру эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг болсон байх аа.
УИХ-ын гишүүний кнопоо, Сонгинохайрхан дүүргийн итгэл саналтай нь цуг "хог дээр чулуудчихаад" Хотын дарга болсон Д.Сумъяабазарын хийсэн нэг "бүтээн байгуулалт" Өглөөний гудамж. Гутлын 22 орчмын нүд эрээлжилтэл будаг нялсан энэ орчмыг тохижуулахад 300 сая төгрөг заржээ. Урдаас харахад сайхан ч араас нь тойроод орвол, нөгөө нь сааралтаж, будаг нь холцорсон хэвээрээ. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж тэр байх. Хотын дарга хувийн хэвшлийн ажлыг булаан өөрөө ингэж будаг шохой болж гудамж тохой будах нь зөв ч юм уу?
Өнгөрсөн хавар СУ даргын фонтой “Ковидгүй зун” хэмээн давлагаалах болсон. УОК, НОК-ийн авч байгаа арга хэмжээний ачаар 6-р сарын 1 гэхэд аюулт өвчнийг бүрэн ялаад, ард иргэд нийтээрээ хөдөө гадаа аялж, хот хүрээгүй наадамлаж цэнгэлийн дээдийг эдэлнэ гэсэн. Юун ковидгүй зун, намартай нүүр тулж, хичээл сургуулиа 5 хоног танхимаар, 5 хоног ангиар гэх мэт инээдтэй шийдвэр гаргаад сууж байна.
Мөн Д.Сумьяабазарын 2020-2024 оны төлөвлөгөөт ажлын нэг болох “Хотын соёл” аян. Энэ аянд нийтдээ 358 сая төгрөг зарцуулах болсон цар тахлын энэ хүнд үед асар их мөнгө бөгөөд цаг үеэ олоогүй ажил гэхэд болно. Аян нь “Ковидгүй зун” уриан дор явагдсан байна. Энэ мөнгө хотын соёлыг дэлгэрүүлэхэд бус харин ковидтой тэмцэхэд, иргэдээ дэмжихэд энэ хөрөнгийг зарцуулсан бол гэмээр. Төсвийн задаргааг харвал, хотын соёлд уриалах нэг минутын 50 контент хийхэд л 75 сая төгрөг зарцуулах... “Ковидгүй зуны төлөө хамтдаа” долоон цуврал нэвтрүүлэг хийхэд бас л их хэмжээний хөрөнгө болох 70 саяыг зарцуулахаар болжээ. Энэ мэтээр зөвхөн видео контентийн зардалд 244 сая төгрөг үрээд эхэлсэн. Хотын дарга Д.Сумьяабазар саяхан “Хотын хөгжлийг хараад яана даа” хэмээн харуусдагаа хэлсэн. Харин иргэд энэхүү цар тахлын хүнд үед “Хотын соёл” , “Ковидгүй зуны төлөө” аянд зарцуулах их мөнгийг хараад “яана даа” гэж сууна.
УИХ-ын гишүүн Н.Ганнибал өнгөрсөн нэг жилд төр засгаас ковид-19 цар тахлын эсрэг хийсэн “нүсэр” тэмцлээс “Хатан ээж” дуу, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарыг бүхнийг ялагч комикс баатрын дүрээр зурсан хүүхдийн зураг л үлдсэн гэж онож хэлсэн юм. Тэгвэл 358 сая төгрөгийн өртөгтэй “Ковидгүй зуны төлөө” уриат аянаас Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн хийлгүүлсэн хэдэн видео контент л үлдэх нь дээ гэтэл үзэгдэх харагдах юм алга. 20 сайхан шарыг минь 2 хулгана идчихлээ гэж үү гэдэг шиг 244 сая төгрөгийг нь минь 2 контент болгож чадав уу? Ядаж тэр контент чинь хаана байна аа, СУ дарга?
аа.