alim.mn | 2024.12.24
Г.Чинсанаа: Хуланг төрөхөд нулимс дуслуулсан. Хүүгээ зогсоо зайгүй ширтээд л байсан

Г.Чинсанаа “Шүрэн бугуйвч” киноны голд дүрд тоглосноор нь андахгүй. Г.Чинсанаа “Unitel” группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч. Харин хүүгийнх нь ээж Б.Хулан TURBOFIT өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч. Тэд Монголын үлгэр жишээ сайхан хосуудын нэг. Тэд үерхээд зургаан жил болсны дараа хүүхэдтэй болсон. Амьдралын зөв хэвшилтэй, спортлог, гэр бүлсэг залуу хүүгээ хоёулаа үнэхээр сайн асарч торниулж, гэр бүлийн байдлаараа үлгэр жишээ байгаа нь илт байдаг. Энэ талаар Г.Чинсанаа”Миний анзаарснаар, зарим эрчүүд хүүхэд нь төрөхөөр зөвхөн хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулаад, эхнэрээ анзаарахгүй орхиод байх шиг санагддаг юм. Зарим хүмүүс гэртээ орж ирээд шууд хүүхдээ үнсээд эхэлдэг дээ. Би гэртээ оронгуутаа эхлээд эхнэрээ үнсээд, өнөөдөр хэр ядарсныг нь асууж лавладаг юм. Нөхрүүд хүүхэд, эхнэрийн аль алинд нь, анхаарал, хайр халамж тэнцүү хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй Гэр бүл, хүүхэдтэй болно гэдэг гэнэтийн шийдвэр бус маш сайн төлөвлөх ёстой асуудал гэж боддог юм. Манайд хоёр зурааснаас болж хамтран амьдрах шийдвэр гаргадаг хосууд цөөнгүй байдаг. Анх Хуланг жирэмсэн болсныг мэдээд маш их баярласан юм. Дараа нь, хүйсийг мэдээд дахиад бүр их баярласан шүү. Би хүүтэй болохыг хүсдэг байсан учраас хүйсийг нь сонсоод бүр орилоод, маш их сэтгэл хөдөлсөн юм. Тэгээд зургаан сартайд нь эхогоор царайг нь хартал надтай үнэхээр адилхан байгааг нь хараад баярлаж хөөрсөн. Хамгийн сүүлд, Эх нялхас дээр эх, хүүхэд эсэн мэнд төрлөө гэдгийг сонсоод бараг л нулимс дуслуулсан даа. Хүүгээ зогсоо зайгүй ширтээд л байсан…” гэж ярьсан байдаг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ