
Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхсүх жилийн өмнөхөн гэнэтхэн л Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон. “Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс салдаггүй” гэдэг үг байдаг. Түүнчлэн огт өөр салбар болох оюуны өмчийг хариуцаж байгаа ч энэ даргаас “ТЕГ” шинж нь салахгүй байгаа бололтой. Тус газар өнгөрсөн сарын сүүлээр “Бодь элетроникс” компаниас сервер, тоног төхөөрөмж худалдан авахаар 289 сая төгрөгийн маш “тагнуулч” маягийн гэрээ байгуулжээ. Бараг 300 сая төгрөгийн өртөгтэй гэрээ нь хоёрхон хуудас ч хүрэхгүй алга дарамхан агаад худалдан авч буй барааны нэр төрөл тоо ширхэг, чанар байдал, техникийн үзүүлэлт зэрэг нь байхгүй агаад нууцлагджээ. Ил харагдаж байгаагаас гэрээний мөнгөн дүн л байна. Үүнээс үзэхэд гэрээний өртөг өндөр байх тусам нууцлал улам чанга байдаг бололтой. Жинхэнэ “тагнуулч” хүний байгуулсан гэрээ гэмээр... Аудитын шалгалт байтугай тагнуулын байгууллага ч шалгаад гэрээний нарийн ширийнийг илрүүлж чадахааргүй маш чамбай хийгдсэн “тагнуулч” гэрээ нэгэнт хэрэгжээд эхэлжээ.

