
Өмнөговиос сонгогдсон гишүүд хүндэтгүүлэх, “хөдөлмөр зүтгэл”-ээ үнэлүүлэх машид дуртай гэдэг нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа нараас харагддаг. Экс гишүүн хатагтайн “би та нарын төлөө зөндөө ажилласан,харин та нар надад баярлалаа гэж хэлэсэн үү” хэмээн сонгогчиддоо хуурай агсан тавьж байгаа бичлэг цахимд бий. Тэгвэл энэхүү “уламжлалыг” аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт тойрсонгүй. Түүнд хүндэтгэл үзүүлэхэд аймгийн ядруухан төсвөөс 2,7 сая төгрөг гаргасан байна. Гишүүнтэн онцгой сайн ажилласангүй атал ийнхүү “хүндэтгэл” хүлээж авчээ. Хүндэтгүүлэхээр юу хийсэн гэдэг нь сонин. Бүсгүйчүүдийн хормой хот сөхсөн хэрэгт холбогдоод байгаа Ц.Анандбазар “хүмүүс УИХ-ын гишүүнээс айхаа байжээ” хэмээн уурсангүй ярьсан. Хэрвээ аймаг нь энэ мэтээр хөл алдахгүй бол удахгүй Н.Наранбаатар “төсвийн мөнгөөр УИХ-ын гишүүнд хүндэтгэл үзүүлэхээ байжээ” хэмээн уурлаж магадгүй юм. Уг нь гишүүд улс орны эдийн засгийн уналтын байдал, сонгогдсон тойргийнхоо дорой хөгжил, өөрсдийнхөө урагшгүй ажлыг бодож үзээд төсвийн мөнгөөр хийгдэж байгаа энэ мэт хүндэтгэлээс ичдэг, татгалздаг ёс зүйтэй баймаар юм. Дашрамд өгүүлэхэд сонгуульт хугацаандаа Өмнөговийн гишүүн хичнээн удаа хүндэтгүүлэх нь сонин байна.


