АН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлын төлөвлөгөө алга
Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн цагаар Сүүлийн 30 жилд Монгол улсын эдийн засаг анх удаа хасах үзүүлэлттэй гарсаныг хүлээн зөвшөөрч байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сөрөг хүчнээ хүлээн авч эдийн засгаа сэргээх хэлэлцээрт даруй орохыг АН аас, уриалж мэдэгдэл хийлээ.
200 хоногийн ажлын тайланд АН-ын дэд дарга Ч.Отгочулуун: Ерөнхий сайдын 200 хоногийн ажлын тайланг анхааралтай үзлээ. Эндээс нэг л зүйлийг ойлголоо. Засгийн газар эцэстээ Covid-19 халдварт ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ нэг зүйлд маш их харамсч байна. Учир нь Засгийн газар нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй байгаа нь вакумжсан байдлаар мэдээлэл авч байгаатай холбоотой. Цаашид яг юу хийх нь тодорхойгүй. Ажлын төлөвлөгөө алга.
Зэс, нүүрсний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. Гадаад орчин ийм таатай байхад эдийн засгийнхаа аюулгүй байдлыг яаж баталгаажуулах талаар арга зам харагдахгүй байна.
Маш олон комисс, зөвлөл шинээр байгуулах юм байна. Бид цалингаасаа татвар төлдөг. Энэ татвараар санхүүждэг төрийн байгууллагуудын тоо бол багадаагүй. Шинэ агентлагуудыг байгуулснаар ажил урагшлахгүй. Харин ч дэд сайдуудаа цомхотгох хэрэгтэй. Төсвийн алдагдал маш өндөр байна. Үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцааж хөрөнгө оруулалтуудыг татах нь зөв. АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг. 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Covid-19 халдварын үеийн хямралыг олж харж хямралын эсрэг явуулах цогц бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Манай намд бизнес, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс ч бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж уулзалт хийх хүсэлтийг өнөөдөр хүргүүлж байна. Эхний ээлжид уулзаж мэдээллээ авна. Цаашдаа эдийн засгийн сэргэлтийг баталгаажуулах чиглэлээр өөрсдийн саналаа өгнө.
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: “Эдийн засгийн хүнд цохилтыг бид ирэх намраас мэдэрнэ. Машинаар зүйрлэвэл Монгол Улс шатахуунаа барж байна. Ерөнхий сайдад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх ямар ч төлөвлөгөө байсангүй. Зөвхөн вакцинжуулалт ярьсаар байгаад тайлан нь дууссан. Ерөнхий сайд яриандаа хэд, хэдэн удаа "Энэ хүнд үеийг нэгдэж хамтарч давна. Сөрөг хүчинтэй хамтрах" хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Ардчилсан нам Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ илэрхийлж байна. Энэ хүнд даван туулах талаар хамтарсан санал солилцмоор байна.
АН бол Монголын үндэсний хэмжээний том нам. Төрийн албаны туршлагатай, эдийн засгийн мэдлэгтэй боловсон хүчин ихтэй. Тиймээс эдгээр боловсон хүчнээ ашиглан ажлын хэсэг байгуулна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ