alim.mn | 2025.06.09
Хотын дарга асан С.Амарсайхан нэр, байршил нь тогтоогдоогүй байхад усан оргилуур барих ажлыг эхлүүлэх захирамж гаргасан байжээ

Манай хотын сүржин нэртэй ажлууд ямар чтөлөвлөгөөгүй, стандартгүйн дээр эхнээсээ хууль журмыг зөрчин явагддаг тул эцэс сүүлдээ даржин ажил болж хувирдаг. Үүний нэг нь  Сүхбаатарын талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламж”-ийн ажил юм. Энэ ажлын “загалмайлсан эцэг” нь одоогийн шадар сайд С.Амарсайхан юм.  Шадар сайдыг хотын дарга байхад олон тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг маш ерөнхий нэрээр баталж хэрэгжүүлэн холион бантан болгожээ. Нийтдээ 155,8 тэрбум төгрөгийн өртөгтөй 38 багц төсөл, арга хэмжээ “Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил” гэдэг ерөнхий нэртэйгээр батлагдсан агаад ерөнхийдөө буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээгээд дууссан.  Дээрхи олон төсөл арга хэмжээг хамгийн наад зах нь нэр, байршлыг нь тогтоолгүй баталжээ. Нэгэнт хаана, юу барих нь тодорхойгүй тул хотын шат шатны дарга нар дураараа дургих шиг болжээ. Ерөнхий нэртэй төсөл, арга хэмжээг бодит хэрэгцээ, шаардлагыг нь тодорхойлолгүйгээр үзэмжээрээ эрэмблэх, зураг төсөвгүй батлах, төсөв хөрөнгийг дураараа төсөвлөх, өөрчлөх, төсөвлөгдсөн хөрөнгийг өөр зүйлд зарцуулах зэргээр жинхэнэ утгаар нь төсвийн хөрөнгөөр тоглосон байна. Хэрхэн наадаж байсныг нь зарим нэг төсөл, ажлыг 3-45 удаа хүртэл задалснаас харагддаг. Том тоглоомын нэг жишээ нь “Бүтээн байгуулалт  хөрөнгө оруулалтын ажил” гэдэг ерөнхий нэртэй 16,4 тэрбумын өртөгтэй ажлаас “төрсөн” алдарт усан ориглуур юм.  С.Амарсайхан нь хотын дарга байхдаа 2020 оны 1-р сарын 20-ны өдрийн А/38 тоот захирамжаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд тохижилт ногоон байгууламжийн ажил”-ыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т эрх шилүүлэн өгчээ. Эрх шилжүүлэхдээ усан оргилуурыг хаана байгуулахыг огт заагаагүй байна. Барьсан хойноо л буюу 2020 оны 11-р сарын 23-ны 2-02/06 тогтоолоор усан оргилуурдаа нэр байршлыг “хайрласан” аж.  Өдгөө хамгийн ихээр ажлын сахилга хариуцлага, хууль журам ярьж байнга зурагтаар гардаг Шадар сайдтан хотын дарга байхдаа ажлыг нэг иймэрхүү л хийдэг байжээ.  Төсвийн хөрөнгөөр хийгдсэн олон тэрбумын өртөгтэй төсөл, арга хэмжээг ийнхүү хамгийн наад зах нь нэр, байршлыг тогтоолгүйгээр маш ерөнхий нэрээр баталсан нь хөрөнгө шамшигдуулах зорилгоор санаатай хийсэн үйлдэл гэх хардлагыг зүй ёсоор төрүүлж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ