Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга зэрэг 10 хүнд холбогдох, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулан, Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр “Бэрэн групп”-д худалдаж төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэлэлцэх байв. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч, “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хурлыг хоёрдугаар сарын 11-ний 08.30 цаг хүртэл хойшлуулсан. Харин аавынх нь компаний асуудал шүүхээр шийдэгдээгүй байтал "Бэрэн" компаний захирлын хүү М.Мөнхтэнгэр авто осол гаргажээ. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Хэргийн газарт Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнуудыг ирэхэд М.Мөнхтэнгэр “Би Мөнхтэнгэр байна” хэмээн хашгирч байсан бөгөөд сэтгэл санаа нь тогтворгүй байсан аж.