
2019 оны өвлийн эхээр нийслэлчүүд нэг л өглөө сэрэхэд төв талбайд тойруулан боржин чулуун хашлага тавигдсан байсан. Хашлага хотынхонд таалагдаагүй тул “булшны чулуу” гэдэг нэр хүртэл авсан. Тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан УИХ-д нэр дэвших санаатай байсан тул хэл амнаас “цээрлэж” зайлуулах үүрэг өгсөн гэдэг. Ингээд хашлага тавигдсан шигээ гэнэт алга болж удалгүй хотын энд тэнд шоовдорлогдсон хаягдсан байдалтай тааралдах болов. Ийнхүү 40х40см харьцаатай нэг бүр нь 350 мянган төгрөгний 396 ширхэг, 50х50см харьцаатай нэг бүр нь 453,7 мянган төгрөгний үнэтэй 100 ширхэг боржин чулуун хашлагын түүх гунигтайгаар төгссөн. Үүний хамт төсвийн 152,2 сая төгрөг салхинд хийссэн нь тогтоогджээ. Энэ “ажил” алдарт “Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн тохижилтын ажил” гэдэг төслөөс “төрсөн”. Хотын даргын захирамж бүр 2019 оны намар гарч ажлын хэсэг байгуулагдаад засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө нь төсөвлөгдсөн байна. Ажлын хэсэг “үндэсний аюулгүй байдлын асуудал” болгон авч үзээд тендер зарлалгүйгээр “Боржин чулуун суварга” компанитай шууд гэрээ байгуулж 396 ширхэг боржин чулуун хашлага худалдан авахаар болжээ. Ингээд хотын төвд байрлуулаад л маргаашнаас нь шүүмжлүүлсэн тул бушуухан хураан авч сүүлдээ энд тэнд тараасан. Одоогийн байдлаар хашлага хотын таван дүүрэгт 15 төрийн болон төрийн бус байгууллагын эзэмшил газраас “олджээ”. Нийтдээ 331 ширхэгийг “тараан байрлуулаад” үлдсэн 65 ширхэгийг нь “хадгалж” байгаа гэнэ. Мөн хашлагын ажлыг олон нийт бут ниргэсэн тул “буруутан” болох нийлүүлэгч компанид санхүүжилтийн үлдэгдэл 60 хувийг нь өгөлгүй “шийтгэжээ”. Өдгөө тус компани хотоос мөнгөө нэхэн шүүхдэж байна. Боржин чулуун хашлага нь С.Амарсайханы үед хийгдсэн хот тохижилт, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах олон төслийн хэрэгжилтийн нийтлэг дүр төрх болсон үлдсэн юм.
