Австралид амьдарч байгаа Оюунцэцэг гэдэг бүсгүй өөрийнхөө тухай түлэнхий нүүрт, муу нүүрт гэсэн пост бичиж, лайк шейр болон хэдэн зуу мянгаараа хуваалцсан. Магадгүй тэр постоороо илүү олны анхааралд орсон ч байж магадгүй.Монголд байхдаа телевизийн хөтлөгч байсан гэдэг. Ямартаа ч одоо “Оогий” брэндийн цүнх, гутал амжилттай зарагдаж байгаа. Өрх толгойлсон, ганц бие ээжийн амьдралдаа цэг тавьж, сайн найз залуутай болсноо ам дүүрэн ярьж бичдэг. Оогий буюу Оюунцэцэг одоо Австрали найз залуутай. Нөхрөө “Миний нөхөр ирээдүйн Австралийн Ерөнхий Сайд” гэдэг. Энэ тухайд “Крис бид хоёр хараахан гэрлээгүй байгаа. Одоо сүй тавиад дөрвөн жил гаруй болж байна. Хуримаа төлөвлөсөн байгаа. Маш өндөр боловсролтой, сайн эр хүн. Хүмүүс намайг Австралийн бэр боллоо л гээд байгаа. Үнэндээ Крис маань л Монголын хүргэн болоод байгаа юм шүү дээ. Монголыг гэсэн сэтгэлтэй, элэгтэй сайн залуу. Энд асуудалд орсон Монгол хүмүүст маань ч ямар ч ашиг харалгүй сэтгэлээсээ тусалдаг. Мэддэг хүмүүс нь хүндэлдэг юм аа. Тэр ирээдүйн ерөнхий сайд гэдгийг би хэлээгүй юм аа. Австралийн нэлээн нэр хүндтэй настай улстөрч тэгж хэлсэн. Би улс төрөөс хол байхыг эрмэлздэг. Гэхдээ хань ижил минь улс төрд орох шаардлагатай бол би бүх зүйлээр нь дэмжинэ” гэжээ.